НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы Сайд нарын уулзалтыг даргалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-11 13:18:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганы дэд даргаар ажиллаж байгаатай холбогдуулан энэ 3 дугаар сарын 7-ны өдрийн “Цахим орчин дахь жендэрийн ялгааг арилгахад гардаг саад бэрхшээлийг даван туулж буй сайн туршлага, жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө цахим эрин дэх боловсролыг хөгжүүлэх нь” сэдэвт Сайд нарын Дугуй ширээний уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар даргалав.


Дэд сайд С.Зулпхар уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас цахим орчин дахь жендэрийн ялгааг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, манай улсын цахим засаглалын үйл ажиллагааг олон улсын түвшинд өндрөөр үнэлснийг онцлов.


Дугуй ширээний уулзалтад АНЭУ, Бангладеш, Ботсвана, Гүрж, Мексик, Нидерланд, Унгар, БНХАУ, Филиппин, Чех, Эквадор, Япон зэрэг нийт 23 улсын төлөөлөгч үг хэлэв.


Түүнчлэн энэ 3 дугаар сарын 7-ны өдөр Дэлхийн банк болон Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы товчоо буюу Өмнөд Африк, Аргентин, Латви, Монгол, ХБНГУ-ын хамтран зохион байгуулсан сайд нарын уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцов. Уг өндөр дээд хэмжээний уулзалтад 30 улсын эмэгтэйчүүд, жендерийн асуудал хариуцсан сайд нар уригдан оролцсон ба Дэлхийн банк группийн 2023-2030 Жендерийн стратегийг шинэчлэн боловсруулахад Дэлхийн банк, НҮБ-ын гишүүн орнуудын хооронд яриа хэлэлцээг дэмжих зорилготой уулзалт боллоо.


Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн үр дүнтэй хэрэгжилтийг хангахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар дотоодын туршлагаа хуваалцаж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцууллаа.


Түүнчлэн “Дижитал эрин үед жендэрийн тэгш байдлыг хангах, бүх охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах инновац, технологийн өөрчлөлт ба боловсрол” сэдвийн дор болж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганы энэ 3 дугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхий санал шүүмжлэлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар үг хэлэв.


Дэд сайд С.Зулпхар хэлсэн үгэндээ, Монгол Улс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг нийгмийн сайн сайхныг хангасан, хэнийг ч үл орхигдуулах зарчмын дагуу хөгжүүлж буй туршлагаас хуваалцаж, цахим засаглалыг жендэрийн мэдрэмжтэй байдлаар хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн талаар дурдав.


Мөн Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр суралцаж буй иргэдийн 25% нь эмэгтэйчүүд байгаа тул цахим эрин дэх боловсрол ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Girls Code” хөтөлбөр хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв.


Монгол Улс НҮБ-аас гаргадаг төрийн үйлчилгээг цахимжуулах “E-Government Development Index” үзүүлэлтээр 2020 онтой харьцуулахад 18 байраар урагшилсан байна.

Холбоотой мэдээ