БСШУ-ы сайд Багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2015-10-05 15:44:47

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. Монголын багш нарын баярын 49 дэх өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан БСШУ-ы сайд Л.Гантөмөр багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын  боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг,  хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон "Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье" хэмээх уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Монгол Улс боловсролын чанарын шинэчлэлийн  бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг “ХҮҮХЭД бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч, шийдвэр гаргах чадвартай иргэн болгон төлөвшүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг бүтээн байгуулах Дэлхийд өрсөлдөх “МОНГОЛ ХҮН”-ий төлөө” хэмээн тодорхойлон хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

2015 оны 5 дугаар сард Инчеон хотноо зохиогдсон Дэлхийн боловсролын форумын үеэр “чадвартай, сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр чадвартай, идэвх санаачилгатай, сайн цалин хангамжтай, сайн засаглалын системд ажилладаг багш нар”-ын чухлыг онцлон тэмдэглэсэн. Монгол улсын төрийн бодлого, боловсролын салбарын цаашдын зорилт энэ чиг хандлагатай нэгэн зүгт байх болно.

Шинэ зууны Монгол улсын хөгжлийн хурдасгуур, манлайлагчид, боловсролын чанарын шинэчлэлийн түүчээ болсон бүтээлч, оюунлаг, ажилсаг БАГШ нартаа хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.              

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд