Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2023-03-13 18:32:46

Ханбогд /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг технологи бүхий блокчлон олборлох аргаар 1300 м газрын гүнээс "Оюу толгой" ХХК-ийн гүний уурхайн анхан шатны олборлолтыг албан ёсоор эхлүүллээ.


Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших энэхүү гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож эхлэх юм. 


Өмнөговь аймгийн Ханбогд суманд болж буй Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад албаныхан оролцож байна.


Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж хэлэхдээ, “Оюу толгойн бүтээн байгуулалтад гар бие оролцож, өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн эрхэм уурхайчид болон инженер техникийн ажилтнууд та бүхэндээ гүний олборлолт эхэлж буй энэхүү түүхэн өдрийн мэндийг хүргэж, баяр хүргэе. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр "Оюу толгой"-н хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр олон жил талцсан бүтээн байгуулалтын гацаа арилсан. Хөрөнгө оруулагч тал 2023 оны эхний улиралд багтаан гүний уурхайг ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрч чадлаа. Энэхүү амлалт, ажил хэрэг нь бидний хамтын итгэлцэлд цаашдын суурь зарчим болж чадна гэдэгт итгэлтэй байна. "Оюу толгой" төслийн гүний уурхай нь 1265 м-ээс хүдэр олборлох бөгөөд монголчуудын хувьд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх уурхайтай болж байгааг дэлхий дахинд зарлаж байна. Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь ногоон хөгжлийн чиг хандлага, эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгахад Монгол Улсын хувьд бодит хувь нэмэр болж буй юм. Мөн энэхүү төсөл нь гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улс гуравдагч хөрш оронтой бие даан хөгжүүлж байгаа түүхэн төсөл. "Оюу толгой" компани нь 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн. Эл төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэн. Баялагтаа эзэн байхыг хүссэн, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Түр хороо, ажлын хэсгийн ахлагч, эхнээс нь ажилласан, төслийг урагшлуулахын төлөө гал атгасан, засч сайжруулахын төлөө зүтгэсэн эх орончид, хөрөнгө оруулагч нартаа Засгийн газрыг төлөөлж, талархал илэрхийлье. "Оюу толгой" төсөл бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл юм" гэв.


Харин "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлэхдээ, Эрхэм Ерөнхий сайд аа, өнөөдрийн энэ үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон Таны хичээл зүтгэл, танай Засгийн газарт талархал илэрхийлье. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо. Мөн "Оюу толгой" дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Бид урт хугацаанд үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үед явна. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүрэх нь дамжиггүй. "Оюу толгой" зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байр бий болгож чадна. Ирэх саруудад Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд Рио Тинто хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ төвшинд гаргахад бэлэн байна” хэмээн онцоллоо.


Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд таван тэрбум ам.долларын борлуулалт хийнэ хэмээн албаныхан мэдэгдэж байна.  Улмаар Монгол улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.


Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг бүтээн байгуулалтай зэрэгцүүлэн  явуулах бөгөөд  одоо байгаа 21 хүдэр буулгуурыг  2032 он гэхэд  300 болгох юм. 

Ташрамд дурдахад, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт нь газрын гүнд 1300 метрийн доор явагддаг ба энэ нь та бидний мэдэх Blue Sky барилгыг 12 нийлүүлсэнтэй тэнцүү юм. Оюу толгойн ордын бүтцээс хамааран гүний уурхайн олборлолтыг давхарга 1 буюу Панель 0, Панель 1, Панель 2 гэж 3 хэсэгт хувааж олборлохоор төлөвлөсөн байна. Панель 0-ийн эхний малталтын ажил бүрэн дуусаж, хүдэр олборлолтын эхлэл болсон огтлох малталтын анхны тэсэлгээг 2022 оны нэгдүгээр сард, харин анхны хүдэр олборлолтын юүлүүрийн тэсэлгээг мөн оны  зургадугаар сард хийсэн билээ.

Холбоотой мэдээ