Х.Цогтбаатар: Эртний амьтны үлдвэрээс уураг, коллаген, аминхүчил зэргийг олох оролдлого үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
erdenebat@montsame.mn
2023-03-09 14:13:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол оронд одоогоос 100 жилийн өмнө гаднынхан ирж палеонтологийн судалгаа хийж эхэлсэн байдаг. АНУ-ын Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн төв Азийн экспедиц 1922 онд анхлан ажилласан. Уг музейгээс амьтан судлалын чиглэлээр бүр 1918 оноос анхны ангийг нааш нь илгээжээ. Гэхдээ эхлээд палеонтологийн чиглэлээр Монголд ажиллах гэж зориогүй бөгөөд эртний хүний өвгийг олох мөрөөдөлтэй ирсэн гэдэг. Тухайн экспедицийг толгойлж явсан хүн эхлээд Их хүрээнд ирж Богд хаантай хэд хэдэн удаа уулзсан байдаг.  


Төв Азийн III экспедицийг 1922 онд Монголд ажиллуулахаар Бээжингээс ачаагаа тэмээн хөсгөөр явуулаад, өөрсдөө хүрээнд ирж, Монголын Засгийн газартай дахиж гэрээ байгуулаад ажилласан нь тэр аж. Хүрээнд 4 дүгээр сарын сүүлээр ирээд, нэг сар гаруй хүлээсний дараа зөвшөөрөл авсан баримт байх юм. 


Хүний үүсэл хаанаас эхтэй гэдэг том асуудал АНУ-д дэгдэж, эх үүсвэр нь Төв Ази байж магадгүй гэдэг таамаглалд хөтлөгдөн тэр экспедиц Монголд иржээ. Уг экспедицийг АНУ-ын нэрт эрдэмтэн, тухайн үед музейн захирал байсан Осборн гэдэг хүн томилж байсан байна. Энэ эрдэмтэн өөрөө хөхтөн амьтан судалдаг байжээ. Гэтэл халим судалдаг, Япон, Солонгост өмнө нь ажиллаж байсан Эндрюс энэ экспедицийг ахалсан байна. Түүнийг одоогийнхоор бол сайн менежер учраас энэ ажилд тохоон томилсон байх боломжтой.


Тэдний экспедицийн ажлын үр дүн 1930-аад оноос эхлэн хэвлэгдэж, дэлхийг шуугиулжээ. Уг нь тэд 1925, 1928, 1930-аад он хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байжээ.


Монгол Улсад тухайн үед Оросын нөлөө ид хүчээ авч байсан учраас тэдэнд урт хугацаанд ажиллах боломж олдоогүй аж. Доктор Х.Цогтбаатар “Эндрюсийг баривчлах шийдвэр хүрээнд гарсан талаарх мэдээлэл тэдэнд хүрчээ. Тэгээд 1925 онд одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгаар Харчины тэмээн жингийн замаар ум хумгүй буцсан түүхтэй” гэсэн нэгэн баримтыг ярьж өглөө. Энэ төрлийн судалгааны үр дүн эергээр гарсан гэж хэлж болно. Монголын үлэг гүрвэлийн судалгааг эхлүүлсэн америкууд буцаж байхад, оросууд ирэх нөхцөл бүрджээ.


Оросын экспедиц 1940-өөд оноос Монголд ирэхээр ярьж байсан ч дайн эхэлснээр ирэх хугацаа нь хойшлогджээ. Дайн дуусаж, 1946 оны сүүлээр Оросын тэр экспедиц ирсэн байна. Ингэж тухайн үед үлэг гүрвэлийн судалгаанд ач холбогдол өгч байв. 1947 онд ирэлгүй өнжөөд 1948, 1949 онд ирж ажилласан байна. Энэ экспедицийг зөгнөлт зохиолч И.А.Ефремов ахалж иржээ. Америкууд өдөөчихсөн тул оросууд динозавр хайж ирсэн нь тэр. Оросууд америкуудын хүрч чадаагүй Алтайн цаадах говь хүрч, Нэмэгтийг нээсэн. Энэ бол тэр экспедицийн гавьяа болон үлджээ.


Судар бичгийн хүрээлэн хүрээгээ тэлж, 1961 онд Шинжлэх ухааны академи / ШУА/ байгуулагджээ. Монгол Улс өөрөө Эртний шим ертөнц судлалын судалгааны байгууллагатай болох ёстой гэж үзээд, 1963 онд МАХН-ын Төв хорооны тогтоол гарсан байна. Дөнгөж байгуулагдаж байгаа тул хүн хүчний хувьд дутагдалтай байсан болохоор жижиг нэгж байгуулах шаардлагатай болж, палеонтологийн тасаг байгуулжээ. Нэгэнт амьтны ургамлын хүрээлэн дагуулан байгуулж байгаа болохоор эртний амьтны хувьсал, хөгжил, эволюц баримжаалдаг /чиглэлийн судалгаа/ Н.Довчин гэдэг хүнээр удирдуулжээ. Байгуулагдсан тасаг шинэхэн байхад 1964 онд Баянхонгор аймгаас тэмээчин хүн малдаа явж байгаад том яснууд олсон гэдэг мэдээ ирүүлжээ.


Тэр үед өөрсдөө ухаж гаргаад хил давуулах тухай ойлголт байсангүй. Харин засаг захиргаандаа мэдэгдээд, тэр мэдээллийг хүлээн авсан Батаа гэж хүн ШУА-д мэдэгджээ. Академи энэ мэдээллийг хүлээн аваад, газар зүйн хүрээлэн, шинээр байгуулагдсан тасгийн ажилтан оролцсон баг томилсон байна. Энэ нь манай улсын анхны бие даасан үлэг гүрвэлийн судалгаа болжээ. Тэр олдвор нь өмнө нь Байгалийн түүхийн музейд байсан, одоо Хүннү Моллын зааланд байгаа, манайхан Батаар гээд хочлоод байгаа Тарбозаврын яс юм байна. “100 хувь бүрэн бүтэн хадгалагдсан олдвор гэж маш ховор. Энэ олдвор харин зарим хэсэг нь он удаан жилийн нар салхинд элэгдсэн ч сайн хадгалагдсан байсан” гэж ШУА-ийн палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар хэлж байна.


Палеонтологийн тасаг байгуулагдсан анхны баг ийм том үр дүн гаргасан учраас мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна. Анхны бэлтгэгдсэн боловсон хүчинд  Б.Дашзэвэг, Р.Барсболд гээд ахмад палеонтологчид багтана. Дашзэвэг  эртний хөхтөн судалдаг, Барсболд үлэг гүрвэл судалдаг. Ер нь олон мэргэжилтэн бэлтгэжээ.


ШУА-ийн палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатартай ярилцлаа. 

-Та бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин байх аа. Таныг төгсөөд ирж байх үеийн үлэг гүрвэлийн судалгаа ямар түвшинд байв. Та бол мэргэжилтний хувьд аль үед нь хамрагдах вэ?

-Дэлхийн шинжлэх ухаан хоёр системд байхад, /1990 оны өмнөх үеийг ярьж байна/ баруун болон социалист лагерийн гээд хуваагдсан байсан. Монгол, Оросын хамтарсан экспедиц 1969 онд байгуулагдсан. Түүнээс өмнө Польш улстай хамтарсан экспедиц ажиллаж байсан. Польшийнх бол баруунлаг байсан байна. Бүх бүтээлээ англи хэлээр хэвлэж байсан байх юм. Энэ нь баруунд ямар мэдээлэл байгааг олж авах нэг гарц болж байжээ. Палеонтологийн төрөлх хэл нь англи хэл болчихсон үлэг гүрвэлийн судалгааны материалын 95-аас дээш хувь нь англи хэлээр хэвлэгдэж байгаа. Ийм байж давхардахгүй судалгаа болно. Магадгүй хоёр системд хуваагдаж байснаас болоод нэгэн үед үлэг гүрвэлийн ангилал зүйл маш олон болсон, хэдэн мянгаар тоологдох болсон. Дээр нь олдож байгаа олдвор хомс, хагас дутуу болохоор алдаатай тодорхойлсон зүйл их байдаг байсан юм. Одоо бол шинжлэх ухаан даяарчлагдаад, аль аль талын судалгааны үр дүнг ашиглаад ирэхээр их цэгцтэй болсон байна. Оросууд бүтээлээ англи хэлээр хэвлэх болсон. Анхны бэлтгэгдсэн мэргэжилтний үед бол би орохгүй. Нэг үе солигдохыг 30-40 жил гэж үзвэл хоёр дахь үеийн хоёрдугаар хагаст орох юм болов уу даа. Оросын экспедицийг дагаж би хээрийн судалгаа, малтлагаас эхлээд маш их юм сурсан шүү дээ. Тэр үед ганцхан Оростой хамтарч байсан. Тухайн үед Польштой хамтраад амжилттай явж байсан экспедиц, Оростой хамтрахад зогсож байсан шүү дээ. Тэгэхээр маш том “бодлого” байсан байгаа биз дээ.


-Дэлхийд 400 гаруй төрлийн үлэг гүрвэлийн олдвор байгаагийн 80 нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Төрөл гэдэг нь нэлээд барих ёстой гол ноён нуруу нь байгаа юм. Зүйл бол ангиллын хамгийн бага нэгж. Овог бол бүр том, цөөрөөд явчихна гэсэн үг. Төрлийн тоо бас наашаа цаашаа болдог. Одоо 400 төрөл байна гэж үзье. Тэгвэл манайхаас олдсон төрөл нь 80 гараад явж байна гэсэн ойлголт.

 

-Эдгээр 80 төрлөөс хамгийн үнэ цэнтэй олдвор нь аль вэ?

-Цацагт хяруул, азарган тахиа шиг хэмжээтэй үлэг гүрвэлээс авахуулаад байшинд багтахгүй хэмжээний олдворууд байна. Тэр болгон бас гадаад ертөнцөд олдож байгаа. Тэндээс олдсон аварга том олдвор манайхаас өмнө олдсон бол, түүнтэй өөрийн нутгаас олдсон олдвороо харьцуулж судалж, шинэ төрөл мөн бишийг нь тодорхойлно. Бүгд харьцуулан судалж, дүгнэлт гаргана гэж хэлж болно.

 

-Шинэ төрөл тогтоох судалгааны хугацаа ямар байдаг юм бол?

-Судалгааны үр дүн гарах хугацаа янз бүр байдаг. Зарим нэг нь жилийн дотор үр дүн гарч байхад, зарим нь 10 жил шаардах жишээтэй. Палеонтологийн судалгаа эхэлж байсан 150 жилийн өмнө олдсон бүхэн шинэ байжээ. Харин одоо тийм биш болсон. Олдворын баялаггүй орнууд байна. Бүрэн бүтнээр нь бус, ганц нэг зүйл олоод, түүндээ баярладаг орнууд байна. Манайх бол олдворын баялаг судалгааны үр дүнгээрээ дэлхийд 3 дугаарт ордог. Монгол орноос олдсон олдвортой харьцуулалгүйгээр шинэ төрөл олдлоо гэх боломжгүй болсон байх жишээтэй. Сүүлийн жилүүдэд шинэ төрөл тогтооно гэдэг маш хэцүү болсон байна. Одоогоор тогтоогоод байгаа 400 гаруй төрлөөс ялгаатай юм олж л шинэ төрөл тогтооно шүү дээ. Маш их судалгаа хэрэгтэй.

Үлэг гүрвэлийн судалгааны тухайд олдворыг одоогийн яс шиг шууд түүгээд авч болдоггүй нь хүндрэлтэй. Олон сая жил газрын хөрсөнд хадгалагдсан, галав юүлэлтэд өртсөн болохоор газрын хөдөлгөөнд маш их өртөж, хагарч бутарч, их эмзэг болсон байдаг. Чулуужсан яс гэж хэлээд байгаа боловч органик нэгдлүүд нь алга болоод органик бус нэгдлүүд нь бий болсон байгаа шүү дээ. Чулуужих процесс гэдэг бол маш нарийн зүйл. Байгальд хадгалагдах орчноос шалтгаалж, хадгалалтын бүрэн бүтэн байдал нь өөр өөр байна. Монгол орны хувьд байгальд хадгалагдах үе шат, боломж бусдаас илүү байна гэдэг нь олон төрлийн үлэг гүрвэлийн олдвор олдсоноор нотлогдоно.

 

-Таны хэлсэн үгэнд Галав юүлэх тухай гарлаа. Эртний амьтан ургамал чулуужихад тэр нь ямар нөлөө үзүүлэх вэ?

-Салхи юм уу, усаар өндөрлөг газраа дагаж хурдас /шавар/, хуримтлал /элс шороон хунгар/ бий болдог. Энэ процесс байнга явагдаж байгаа. Гэхдээ хурдас, хуримтлал явагдах явцад шим ертөнцийн эртний амьтан, ургамлын төлөөлөл хадгалагдах уу, үгүй юу гэдэг нь бас л их өөр, их явдалтай. Энэ их процессыг даван туулж ирж байгаа учраас тэр олдвор маш ховорт тооцогдоно. Бид саяхан зах зээлд зэрлэгээр орлоо шүү дээ. Түүн рүү хараасаар байгаад орсон, одоо ч харааж л байна. Хараасан юм бол түүн рүү яах гэж орсон юм бэ гэж асуумаар байдаг юм. Гэхдээ хүн замнасан замаа хараагаад амжилтад хүрнэ гэж байхгүй. Байгалийн баялгийг зах зээлд орохдоо бид мөнгө гэж харсан. Монголын палеонтологид 1995-2005 оны хоорондох 10 жил эмгэнэл авч ирсэн гэж би хэлнэ.

 

-Палеонтологийн олдворт нэрлэсэн он жилүүдийн үлдээсэн хар мөр их байна гэсэн үг үү?

-Монгол хүнд мэдрэмж байдаг, түүнийгээ буруу ашиглахаар буруу тийшээ явчихдаг аймшигтай. Тэр сүйтгэсэн 10 жил аймшигтай байсан даа. Хээрийн судалгаанд явах 5, 10 төгрөг олох гээд зуныг бараад намартай золгоно. Тэгээд яваад очиход, нөгөө палеонтологийн нинжа нар орчихсон байна шүү дээ. Тэд эхлээд морь, тэмээгээр, дараа нь машин, мотоциклтой явах болсон. Сүүлдээ туулах чадвартай хүчтэй унаатай болох маягаар шатлан өргөжсөн. Тэр хэмжээгээр ул мөр үлдэх болсон л доо. Бид хэдийгээр чулуужсан яс гэж байгаа боловч шууд яс шиг ховхлоод авч болохгүй. Нарийн технологиор хийнэ. Түүнийг мэдэхгүй хүмүүс сүйтгэсэн. Хамгийн гол нь тэр улсыг өдөөгч нар янз бүрийн шатанд их байсан гэж би боддог. Өдөөх сэдэл мөнгө байсан. Тэгээд тийм юм олоод ирвэл мөнгө бэлэн гэдэг байдлаар хүрээгээ тэлсэн байх гэж боддог. Түүнд гаднынхан, тэр дундаа урд хөршийнхөн гол дүрд нь тоглосон болов уу гэж боддог. Тухайн үед энэ талын бүлэглэл байна гэдгийг хууль, цагдаагийн байгууллага тогтоож байсан шүү. Түүнээс гадна тэр үед хууль маш сул байсан. Харин 2014 онд Соёлын өвийн тухай хуульд өөрчлөлт орж, түүгээр палеонтологийн талаар тодорхой заалтууд орсон. Нэг үгээр хууль чангарсан гэсэн үг. Гэхдээ ийм төрлийн “хулгай” зогсоогүй байх магадлалтай. Ер нь бол палеонтологийн олдворыг эрж хайх тоног төхөөрөмж гэж бараг байхгүй, байгалиас заяасан палеонтологчийн өгөгдлөөр явна. Энэ чинь байгалийн элэгдлээр илэрдэг зүйл шүү дээ.

 

-Байгаль өөрөө илчлэх тухай цухас дурдлаа. Үүнийгээ жаахан тодруулах уу?

-Сөхөгдсөн эрэг усаар угаагдаж, салхиар элэгддэг. Түүгээр тэр дотор хадгалагдаж байгаа олдворын үзүүр сэжүүр илэрдэг. Түүнийг бид илэрц гэж нэрлэсэн байгаа юм. Өчүүхэн тэр илэрц цаашаа яваад үр дүнд хүрэх нь бий, бас олдворын төгсгөл таарах нь ч байна. Зөвхөн сүүлний үзүүр цухуйх явдал таарна. Түүнийг мэргэжлийн хүн бол технологийн дагуу авна шүү дээ.

 

-Бидний туулж өнгөрүүлсэн цаг үед палеонтологид эмгэнэлтэй үе тохиожээ. Энэ үед зөвхөн сүйтгэж байсан гэж бодохгүй байна. Танай салбар энэ цаг үед юу хийж амжуулав. Энэ талаар ярих уу?

-Энэ их чухал. Монгол, АНУ-ын хамтарсан экспедиц 1991 онд ажилласан. Монгол, Оросын хамтарсан экспедиц тэр үед уламжлан ажиллаж байсан ч социализмын үе шиг олон чиглэлээр хамтардаггүй байсан. Үлэг гүрвэлийн судалгаа хийж байсан Оросын экспедиц зогсож, шувуу, эртний хөхтөн амьтнаар гэх зэргээр өөр чиглэлээр судалгаа явсан. Тэр үед АНУ-тай хамтарсан экспедиц сээр нуруутан амьтны чиглэлээр судалгаа хийж эхэлсэн. Энэ дотор үлэг гүрвэл ч багтана. Монгол, Японы хамтарсан экспедиц 1993 оноос эхэлсэн. Энэ хэдэн экспедиц ажиллаагүй байсан бол тэр үеийн “хулгайч” нар улам их сүйтгэх байсан болов уу. Тэр хамтарсан экспедицийн үр дүн одоо гарч байна.

 

-Монгол, Японы хамтарсан экспедицийн талаар ярих уу.  Тодорхой нэг олдвор дээр?

-Энэ хамтарсан экспедицийн 3 дахь жил буюу 1995 онд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумын хилийн зааг Байшин цаваас шинэ олдвор олсон. Түүнийг судлаад шинэ төрлөөр би бүртгүүлсэн байгаа. Тэрийг анхан шатанд нь нугасан хошуут, өвсөн тэжээлт гэж үзсэн. Ийм төрлийн үлэг гүрвэл манайд маш муу судлагдсан. Түүнийг би олсон хүний хувьд судалж эхэлсэн. Судалгааны үр дүнгээрээ докторын зэрэг хамгаалсан. Манай Р.Барсболд гуай, А.Пэрлээ гуай нар махан идэшт үлэг гүрвэлийг их судалсан байдаг. Тиймээс би тэнд гуравдагч болоод хэрэггүй гэж бодоод өвсөн идэшт үлэг гүрвэлийн судалгаа руу орсон. Аз тохиосон уу, манай экспедиц хожуу цэрдийн үеийн өвсөн идэштийг олсон юм. Ер нь өвсөн, махан идэшт үлэг гүрвэлүүд нэг дороос олдох тохиолдол бий. Гэхдээ олдож байгаа үлэг гүрвэлийн геологийн цаг нь өөр өөр байх жишээтэй. Тухайлбал, Байшин цаваас олдсон өвсөн идэшт нугасан хошуут үлэг гүрвэл 95 сая жилийн өмнө амьдарч байсан. Гэтэл Алтайн цаад говиос оросуудын олсон үлэг гүрвэл 70 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн идэшт нугасан хошуут. Гэхдээ Байшин цаваас олдсон олдвор нь тэр өвсөн идэшт үлэг гүрвэлийн өвөг байсан тул шинэ төрөл болж бүртгүүлсэн. Түүнийг би “гобихадрос монголиензис” гэж нэрлэсэн. Геологийнх нь цаг үе хожуу, Цэрдийн эхэн үед хамаарна. Тодруулж хэлбэл, үлэг гүрвэлийн судалгааны гадрозавройдын үүслийн төв нь Монголын говь байжээ гэдгийг тогтоож өгдөг. Энэ нь олон сая жилийн туршид хөгжлийн өөр хэлбэрийг олоод Умард Америк руу шилжсэн байх жишээтэй. Умард Америкийн баруун талаас олддог завролофус хэмээх төрөл болж тэнд хөгжсөн байна.


-Монголоос, Умард Америкаас ижил төрлийн үлэг гүрвэлүүд олдоод байна гэсэн үг үү?

-Завролофус, гадрозавройд хэмээх том овгийн өвөг болох гээд байна шүү дээ. Гэхдээ завролоф төрөл Монголд бий болоогүй. Тэнд очоод маш олон төрөл болж хөгжсөн. Тэдгээр нь 20 сая жилийн дараа Монголд эргэн ирж тархан амьдарч байсан байна гэсэн дүгнэлт бид гаргасан.

 

-Тэгэхээр 20 сая жилийн дараа ирж нутагшин амьдарсан үлэг гүрвэл, түүнээс өмнөх үед амьдарч байсан үлэг гүрвэлийн хадгалагдсан байдал хоорондоо өөр байх уу?

-Тэр бол цаг хугацааны хамааралгүйгээр, тухайн амьдарч байсан орчин өөр өөр байгаагаараа ялгаатай байгаа юм. Тухайлбал, “гобихадрос монголиензис” гэж миний яриад байгаа нь одоогоор бол Галбын говийн хойд хэсгээс тогтоогдсон. Тухайн тэр үлэг гүрвэлийг амьдарч байх үед тэнд угалзалж урсдаг өргөн том гол байсан гэдэг нь тогтоогдож байгаа юм. Палеонтологийн судалгаа бол эртний амьтан, ургамал судлахын зэрэгцээ тухайн орчныг нь бас тогтоодог онцлогтой.

 

-Судалж байгаа амьтнаа орчин бий болгоод зурчихсан байдаг нь тийм учиртай юм уу?

-Тэрийг бол үндэслэлтэй хийдэг. Зураач олж авсан мэдээллүүд дээрээ тулгуурлан зурдаг. Тэр бүү хэл эртний тэр том том гол, мөрний урсгал чиглэлийг чулуун дээр хадгалагдсан шинж тэмдгээр нь тогтоодог. Гадрозавройд гэдэг өвсөн идэшт энэ амьтан заавал усан орчинтой оршин амьдрах нөхцөл нь бүрддэг онцлогтой. Хожуу Цэрдийн дунд үе буюу Жадохтын цаг үе /75-71 сая жил/-д одоогийн Баянзаг орчим хуурай орчин байсан. Хажуугаар нь баянбүрдүүд байсан. Тэр бүхэн бол тогтоогдсон зүйл шүү дээ. Монголд энэ цаг үед маш их хуурайшсан, элсэн манхнуудтай байсан гэсэн үг.

 

-Байшин цаваас олсон өвсөн идэшт, нугасан хошуут энэ амьтныг шинэ төрлөөр бүртгүүлэхийн тулд та судалгаандаа хэдэн жил зарцуулав?

-1995 онд өвсөн идэшт, нугасан хошуутыг олсон эхний жилүүдэд хийсэн тодорхойлолт өнөөдөр ч хэвээрээ байгаа. Техник боловсруулалтын үе шат маш их хугацаа авдаг. Түүнийг өөр хүмүүс хийдэг. Том биетэй амьтных бол их удна. Миний ярьж байсан тэр үлэг гүрвэл дунд зэргийн хэмжээтэй. Цэвэрлэгээ хийсний дараа судалгаа эхэлдэг. Судалгааг энэ төрлийн бүх олдвортой харьцуулж хийнэ. Хэвлэгдсэн зүйлийг уншиж харьцуулна, хэвлэгдээгүй олдворуудыг очиж үзнэ, бүх л мэдээллийг цуглуулж авна. Тэр бүгдийн дараа бусад олдвороос юугаараа, ямар ялгаатай байгааг гаргаж ирнэ. Түүнийгээ баталж дүгнэлт бичнэ. Түүнийгээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэх хэрэгтэй болно.

 

-Олон улсын сэтгүүлд хэвлэхийг зөвшөөрдөг тэр салбарын лидерүүдтэй та шууд харилцах уу?

-Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдэд миний бэлтгэсэн материалыг танилцуулах ажлыг сэтгүүл өөрөө зохион байгуулдаг. Тэдний өгсөн зөвлөгөө, засварыг надад танилцуулна. Хэвлэх эсэхээ тэд шийднэ. Таны бүтээлийг хэвлэнэ гэсэн мэдээлэл ирвэл болоод явчих нь тэр. Тэр сэтгүүлд тухайн бүтээл хэвлэгдсэн өдөр шинэ төрлийг тодорхойлсон он, сар, өдөр нь болдог олон улсын дүрэмтэй. Энэ бүтээлийг би 2019 онд тэр сэтгүүлд хэвлүүлсэн. Тэр өдрөөр овоглогдож албан ёсны нэр болдог. Нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй.


-Махан идэшт, өвсөн идэшт хоёр үлэг гүрвэлийг ялгах гол шинж тэмдэг нь юу вэ?

-Судалгаа эхэлж байх үед бол хэцүү байсан байх. Харин одоо бол тодорхой. Ялгаанууд бий. Наад зах нь амьтан барьж иддэг, соёо шүдний хэлбэрээр махан идэшт гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой. Миний яриад байгаа үлэг гүрвэлийн шүдний хэлбэр их өөр, ерөнхийдөө хивэгч амьтан шиг үхэр, адууны шүдтэй төстэй. Гэхдээ шүдний гадаргуу эрс өөр. Судалгаа нарийсаад ирэхээр өнөөгийн нөхцөлд өвсөн идэшт, махан идэшт гэдгийг махан бие дээр нь тогтоох мэдээлэлтэй болсон гэж хэлж болно.

 

-ДНК-ийн шинжилгээ хийнэ гэсэн үг үү?

-Ийм шинжилгээ хийх боломж яг одоогоор бол бүрдээгүй. Гэхдээ тийм оролдлого хийж байгаа. Одоо бид шинэ төрөл тогтооно гэхээс илүүтэй эртний биологийн эд эсийн /палеобиологи/ судалгаа руу орж байна. Тэр чиглэлээр мэргэжилтэн бэлтгээд эхэлсэн. Эртний амьтны үлдвэрээс уургийн гаралтай бүтээгдэхүүн, коллаген, аминхүчил зэргийг олох оролдлого үргэлжилж байна. Судлаачид эртний хүнтэй цуг амьдарч байсан амьтад болох арслан зааны мөнх цэвдэгт хадгалагдсан олдвороос эхлээд уургийн гаралтай бүтээгдэхүүнийг олсноор ийм судалгаа улам эртнийх рүү чиглээд явж байна. Түүнээс цааш яваад одоогоос 30 сая жилийн өмнөх Эргэлийн зоо олдворт газраас олдсон хирс хэлбэрт хөхтөн амьтны яснаас уургийн гаралтай бүтээгдэхүүнийг олж чадлаа. Бид одоо динозавр руу орох оролдлого, арга аргачлал сорьж байна. Хаана байгаагаасаа үл хамаараад үлэг гүрвэлийн амьд биетийн элемент чулуужих явцад алга болдог. Энэ бол маш урт хугацаа шүү дээ. Ийм учраас үлэг гүрвэл дээр маш онцгой нөхцөлд ДНК-г олох боломжтой гэж эрдэмтэд үздэг. Монголын хадгалалтын нөхцөлийн онцлогоос хамаарч тэндээс уургийн гаралтай элемент олдож магадгүй гэсэн горьдлого байдаг. Гэхдээ тэр ДНК-г олсноор зөгнөлт кинон дээр гардаг шиг үлэг гүрвэлийг лабораторид буцаагаад бий болгох гэдэг бол хэцүү. Магадгүй шинжлэх ухааны хөгжлийн ирээдүйд байхыг үгүйсгэхгүй.


ТОВЧ НАМТАР:

Х.Цогтбаатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Аав Цэгмидийн Хишигжав Алтанбулагийн Хяраан зүгийн хүн, Элэнц өвөө нь тэнд харуул занги Өнөхишиг гэж хүн байжээ. Түүний аав УБДС /МУБИС/-ийн түүх, газар зүйн анги төгссөн багш. Сэлэнгэ аймагт олон жил сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад, 1970 оноос Алтанбулагийн музейг анх байгуулсан. Музейн ажлыг барилга бариулахаас нь эхлүүлсэн Ц.Хишигжав 1990 он хүртэл захирлаар ажиллаж байжээ.

Х.Цогтбаатар Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1976 онд, МУИС-ийн биологийн ангийг 1981 онд тус тус төгссөн байна. Япон улсын Кагошимагийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.

ШУА-д 1981 онд томилогдон ирсэн. Эрдэм шинжилгээний ажлын гарааг тухайн үеийн Байгалийн түүхийн музейн палеонтологийн тасгаас эхэлжээ. Одоо ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 


Палеонтологи дэлхийд

"Ямар ч хэл дээр палеонтологи гэдэг нэрээрээ явдаг. Гэхдээ энэ бол гадаад үг, түүнийг монголоор ойлгох хэрэгтэй" гэж мэргэжилтнүүд хэлэх юм. Уг санаа нь бол эртний амьтан, ургамал судлал гэсэн шинжлэх ухаан Английн Вангийн нийгэмлэгийн хурал дээр эрдэмтэн Ричард Оуэн гэдэг хүн 1840-өөд оны үед эртний чулуужсан хэдхэн олдвор дээр үндэслээд ийм сөнөсөн сонин амьтан байж, үүнийг үлэг гүрвэл динозавр гэж нэрлэе гэж хэлжээ. Түүнээс хойш энэ зүйлийг сонирхож судалж эхэлсэн байна. Үлэг гүрвэлийн судалгаан дээр хүндрэлтэй нь олдворыг одоогийн яс шиг шууд түүгээд авч болдоггүй. Олон сая жил газрын хөрсөнд хадгалагдсан учир газрын хөдөлгөөнд маш их өртөж, хагарч бутарсан байдаг тул их эмзэг болсон байдаг аж. Чулуужсан яс гэж хэлээд байгаа боловч органик нэгдлүүд нь алга болоод, органик бус нэгдлүүд болж хувирсан байдаг онцлогтой. Чулуужих процесс гэдэг бол маш нарийн зүйл. Ясны сүвээр нь эрдэсжсэн ус нэвчиж ороод, эрдсээ үлдээгээд, ус нь гарна. Ингэсээр байгаад, сүв эрдсээр дүүрснийг чулуужих гэж ярьж байна. Үүнийг заримдаа цахиуржих процесс ч гэж хэлэх нь бий.


Байгальд хадгалагдах орчноос шалтгаалж, хадгалалтын бүрэн бүтэн байдал нь өөр өөр байна. Хадгалалтаас гадна, түүний өмнөх үе шатууд чухал, үлэг гүрвэлийн олдвор хадгалагдах 4-5 үе шат байгааг судалгааны явцад тогтоожээ. Тухайлбал, тэр амьтан тэнд амьдарч байсан байх ёстой. Ямар нэг шалтгаанаар мөхөж сөнөх цаг үед нь агаар мандлаас ч байдаг юм уу, тусгаарлагдаж булагдах ёстой болдог. Булагдах процесс бас олон янз. Монгол орны хувьд усны үйлчлэлээр булагдсан байх нөхцөл ихтэй. Усны үйлчлэл нь дотроо хоёр янз, тухайлбал голын ус уу, нуур, цөөрмийн ус уу гэдгээрээ ялгарна.   


Мөн салхиар үүссэн хурдас / чулуулаг/, түүнийг элсээр төсөөлөн авч үзэх боломжтой. Элс шуураад манхан үүсгэдэг шүү дээ. Тэр чинь мөхөж сөнөсөн амьтны цогцсыг дарна. Эдгээр шалтгаанууд бүрдэх ёстой. Булагдах явцдаа дарагдах процесст орно. Энэ хугацаанд яс эрдэсжиж бөхжинө. Зүй тогтлоороо бол олон сая жилийн өмнөх тунамал хурдас чулуулгийн үе давхаргадас чинь маш их гүнд байх ёстой.


Гэтэл газар дэлхий дээр маань уул үүсэх процесс, тектоник хөдөлгөөн гээд маш олон процесс тасралтгүй өрнөнө. Түүнийг хүн газар хөдлөх хэмжээнд ойлгодог. Газар хөдлөх явцад хагарал үүсдэг. Тэр хагарлаар Цэрдийн галавын үед маш их гүнд хэдэн 100 метрийн доор дарагдсан амьтны яс хадгалсан үе давхарга сөхөгдөөд гараад ирнэ. Тэр сөхөгдөлт, суулт зэргээс асар гүн ангал, эргүүд үүсдэг. Түүнийг бид цав гэх мэтээр нэрлэжээ. Тэр эргийг арай өөр өнцгөөр харах юм бол олон хуудас бүхий зузаан ном хэмээн үзэж болох юм байна. Энэ номын хуудас болгон тодорхой цаг үеийг төлөөлнө. Түүнийг дээрээс нь /4 дэх/ дөрөвдөгч галаваас эхэлж доош нь тоолно гэж үзвэл дараа нь неоген галав, тэгээд палеоген гээд 60 гаруй сая жилийн өмнөх Цэрдийн галавын төгсгөл дээр очно. Цэрдийн галав нь дэлхий дээр үлэг гүрвэлийн аймаг ноёрхон амьдарч байсан Дунд төрмөлийн эриний Триас, Юр, Цэрд хэмээх галавуудын сүүлчийн галав юм байна. Цэрдийг эдгээрээс онцлон авч үзвэл дотроо өөрийн он цаг тооллын хуваагдалтай.

    

Маш сайхан илэрсэн үе давхраанууд, тогтцууд гадаад орнуудад байдаг байна. Тэндээс нэг ч олдвор олдохгүй байх явдал гардаг гэх. Энэ бол дээр хэлсэн эхний 2, 3 дугаар үеийн нөхцөлүүд бүрдэж чадаагүйтэй холбоотой гэсэн тайлбар мэргэжлтнүүдийн дунд байна.


Монгол орны хувьд эртний амьтан, ургамлын үлдэгдэл байгальд хадгалагдах дээр дурдсан 4-5 боломж бусдаас илүү өндөр. Энэ нь ийм төрлийн олдвор олдох газрууд Монгол орны нутаг дэвсгэр дээр элбэг байдгаар тодорхойлогдог байх юм.


Дэлхий нийтэд үлэг гүрвэлийг судлаад бий болгосон мэдлэгээр үлэг гүрвэл 220 сая жилийн өмнө өөр мөлхөгч амьтнаас салбарлаж хөгжсөн байна. Энэ 220 сая жилийн өмнөх үе гэдэг нь дунд төрмөлийн үеийн Триасын галавын төгсгөлд багтана. Монголоос одоогоор Триасын үеийн үлэг гүрвэл олдоогүй. Харин Юрийн галавын үеэс бага зэрэг олдсон. Цэрдийн үеэс ихэнх нь олджээ. Энэ нь үлэг гүрвэлийн цэцэглэн хөгжсөн гурван галавын хамгийн сүүлийнх нь. Эдгээр мөхсөн амьтдын хувьсал хөгжлийг тогтоох, тодорхойлох онолын дүгнэлт гаргах, судалгаа хийх гэдэг их төвөгтэй, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг нүсэр ажилд тооцогддог юм байна.

                                                                                                                                      Гэрэл зургуудыг Б.Чадраабал   

Холбоотой мэдээ