Харри, Меган хоёрыг Виндзорын шилтгээн дэх байшингаа суллаж өгөхийг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-02 11:34:04

ЛОНДОН. /ВВС/. Их Британийн хунтайж Харри, түүний эхнэр Меган нарыг Виндзорын шилтгээн дэх Фрогморийн байшингаа суллаж өгөхийг шаардсан гэдгийг тэдний хэвлэлийн төлөөлөгч батлав.


Энэ талаар Букингемийн ордноос тайлбар өгөөгүй байна. Өмнө нь Йоркийн гүн Эндрьюг Виндзорын шилтгээн дэх Фрогморийн байшинд амьдрахыг санал болгосон тухай мэдээлж байсан.


Сассексийн гүн ба гүнгийн ахайтан нар одоо хоёр хүүхдийн хамт АНУ-ын Калифорни муж улсад амьдарч байгаа юм. Тэд 2020 онд хааны удмын цол хэргэмээсээ татгалзсаныхаа дараахан Их Британиас явцгаасан билээ.


Беркширт байдаг Виндзорын шилтгээн дэх Фрогморийн байшин нь хоёрдугаар зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд 10 унтлагын өрөөтэй. Хааны удмынхны эзэмшлийн хөрөнгө болох энэ байшинг Харри, Меган нарт Хатан хаан бэлэглэж байжээ.


Сассексийн гүн ба гүнгийн ахайтан 2018-2019 онд 2.4 сая фунт стерлингийн зардлаар энэ байшинд засвар хийлгэсэн аж. Засварын зардлыг тухайн үед “Sovereign Grant” сангаар дамжуулан татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн агаад дараа нь гүнтэн уг зардлыг бүрэн гүйцэд буцааж төлсөн аж.


Өнгөрсөн нэгдүгээр сард Харригийн дуулиан дагуулсан “Spare” дурсамж ном хэвлэгдсэний дараа уг байшинг суллаж өгөхийг Букингемийн ордноос шаардсан байна.


Түүний ном борлуулалтаараа 1998 оноос хойших уран зохиолын бус сэдэвтэй номын дээд амжилтыг эвдсэн билээ. 


Хатан хааны хоёр дахь хүү, Йоркийн гүн Эндрью нь одоо 31 унтлагын өрөөтэй, Виндзорын Цэцэрлэгт Хүрээлэн дэх “Royal Lodge” хэмээх тансаг ордонд амьдарч байгаа ажээ. Тэрбээр 2019 оны дуулианы дараа хааны удмын цол хэргэмээсээ татгалзсан юм. Хаан Чарльз дүү Эндрюгийн жил тутмын тэтгэлгийг танах төлөвлөгөөтэй байгаа тул түүнийг одоо амьдарч буй тансаг ордныхоо урсгал зардлыг төлж дийлэхгүй байх гэж хэвлэлүүд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ