ЗАВХАН: Залуу малчдыг малжуулах нь тэдний амьдралыг дээшлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-01 16:12:11

Улиастай /МОНЦАМЭ/. Идэр сум шинэ гэр бүл, цөөн малтай, залуу малчдыг малжуулжээ.

Сумын засаг даргын захирамжаар байгуулсан ажлын багийн шйидвэрээр, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар зургаан залуу малчин өрхийг 15.0 сая төгрөгөөр малжуулжээ. Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны малжуулах хөтөлбөрийн болзол журмыг хангасан гурван багийн таван залуу малчныг нийт таван сая төгрөгийн өртгөөр малжуулсан байна.

Дээрх залуу малчид малаа хүлээн авч, гурван жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Мөн өнгөрсөн онд Идэр сум байгуулагдсаны түүхэн ой, сургуулийн 90 жилийн ойн баярын үеэр Орхон аймгийн нутгийн зөвлөлийн 10.0 сая төгрөгийн хандив дэмжлэгээр нийт дөрвөн залуу өрхийг тус бүр нэг тугалтай үнээ, 9 хургатай хониор малжуулсан. Эдгээр малчид маань энэ өвөл, хаврыг малаа хорогдолгүй өсгөж байна. 

Сумынхаа Мал хамгаалах сангаас жил бүр таван өрхийг тус бүр 2.5 сая төгрөгөөр гурван жилийн хугацаатай малжуулдаг. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас залуу малчдыг 5.0 сая төгрөгөөр малжуулдаг хөтөлбөрт жил өнжөөгүй сайн хамрагдсан байна. Манай сумын үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд орон нутгийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэд онцгой байр суурь эзэлдэг уламжлалт салбар юм.

Тиймээс малчдын амьжиргааны талаарх сүүлийн үеийн судалгаанд үндэслэж, залуу малчдыг малжуулах ажлыг жил бүр хийдэг.

Ер нь 200-300 толгой малтай байхад байнгын хөдөө мал малладаг малчин өрхийн орлого нь зардлаа нөхөх боломж байгааг тооцсон байдаг. Ган, зуд болон нийгмийн бусад олон хүчин зүйлүүдээс шалтгаалж мал нь цөөрсөн байнгын хөдөө байдаг малчин өрхүүдийг малжуулах. Ялангуяа малгүй, цөөн тооны малтай, шинэ залуу малчдын амьдралыг дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход малжуулах хөтөлбөр эерэг нөлөө үзүүлж байгаа гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

 

Монгол Улс 2020 онд "Монгол малчин" үндэсний хөтөлбөрийг баталсан. Харин Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор 2022 онд “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” зэрэг нэр бүхий 7 хөтөлбөрийг шинэчлэн баталсан.


Тэгвэл аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд мал маллах сонирхолтой залуу гэр бүл болон залуучууд, хүсэлт гаргасан амьжиргааны түвшин доогуур иргэдийг малжуулах ажлыг аймаг, сум бүр явуулдаг байна.

Завхан аймаг гэхэд, 73 өрхийг 287.9 сая төгрөгийн 3871 толгой малаар малжуулсан байна. Малжуулах ажилд зарцуулсан хөрөнгийн 50.8 хувийг орон нутгийн хөрөнгөөр, 49.2 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжигджээ. Сүүлийн гурван жилийн судалгаанаас үзэхэд малжуулах хөтөлбөрийн үр дүн гарч байна. Учир нь энэ дэмжлэгт хамрагдсан иргэдийн 90 гаруй хувь нь малаа өсгөн үржүүлэх, арвижуулахад хичээл зүтгэлтэй байж, төлөө бүрэн авч малынхаа тоо толгойг өсгөсөн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ