Д.Трамп: Иргэдэд нь виз олгох боломжгүй улс орнуудын жагсаалтыг гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-09-01 14:49:31

НЬЮ-ЙОРК. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Аризона муж улсын Финикс хотод зочлон үг хэлэхдээ “ямар нэгэн шалтгааны улмаас иргэдэд нь Америкийн виз олгох боломжгүй орнуудын жагсаалтыг гаргах хэрэгтэй” гэжээ. 

“Тухайн улс орны виз хүссэн иргэдийг шалгах боломжгүй байгаа тохиолдолд эдгээр иргэдэд виз олгох явдлыг бид зогсооно. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол, албан тушаалдаа орсон анхны өдрөө л Төрийн Департаментад үүрэг өгч, уг жагсаалтыг бэлэн болгохыг шаардана” гэж Трамп мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар, хар жагсаалтад Ливи, Сири зэрэг орнууд орох бололтой.

Түүнээс гадна, АНУ-д нэвтэрч буй бүх цагаачдыг “үзэл суртлын сорил”-д оруулах хэрэгтэй бөгөөд ийм маягийн сорилыг боловсруулахыг Ерөнхийлөгч болсон даруйдаа үүрэг болгоно гэдгээ Трамп амлажээ. Энэхүү тестийг авснаар тухайн хүн Америкийн нийгмийн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодорхойлох бөгөөд үүний үндсэн дээр түүнийг АНУ-д нэвтрүүлэх эсэхийг шийдэх аж.

“Миний засаг захиргааны үед нэг ч хууль бус цагаач хууль ёсны статустай болж чадахгүй. Америкт хууль бусаар нэвтэрсэн цагаачид гэр орондоо харих хэрэгтэй. Тэд эх орондоо очсоныхоо дараа АНУ-д нэвтрүүлэхийг хүссэн хүсэлтээ албан ёсоор гаргах нь зүйтэй” гэж Д.Трамп зөвлөжээ.

Түүнээс гадна, тус улсад ирж буй гадаадын иргэдийг хянах цахим системийг бий болгосноор визийн журам зөрчсөн иргэдийг нэн даруй илрүүлж эх оронд нь буцаах боломжтой болно гэдгийг нэр дэвшигч дурдлаа.

Одоо байгаа албадан буцаах газруудыг татан буулгаж, оронд нь хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг илрүүлэн, эх оронд нь буцаах үүрэг бүхий тусгай салбар нэгжүүдийг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг тэрбээр дэвшүүлсэн байна. 

Д.Нямтулга

 

 


 

 

Холбоотой мэдээ