“Everything Everywhere All At Once” кино “SAG” наадмын гол шагналуудыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-27 15:37:54

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Screen Actors Guild/SAG/ наадмын 29 дэх удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо ням гарагт болж өндөрлөлөө.


Шинжлэх ухааны уран зөгнөлт “Everything Everywhere All At Once” уран сайхны кино энэ удаагийн ёслолын томоохон шагналуудыг хүртсэнээр Оскарын наадамд өндөр амжилт үзүүлэх магадлалаа улам бататгажээ.


Энэхүү кино нь “SAG” наадмын хамгийн хүндтэй шагнал болох “Шилдэг жүжигчдийн баг” цомыг хүртсэнээс гадна дүр бүтээсэн жүжигчид нь гол шагналын эздээр тодорсон байна. Тухайлбал, Малайзын жүжигчин Мишель Йео “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд Австралийн жүжигчин Кейт Бланшеттийг илүүрхжээ.


Түүнчлэн М.Йеогийн хамтран тоглогч, Вьетнам-Америкийн жүжигчин Ке Хай Цюань “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн анхны Ази жүжигчин болсон бол Америкийн жүжигчин Жейми Ли Кертис мөн “Everything Everywhere All At Once” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн эзнээр тодорлоо.


“Everything Everywhere All At Once” кинонд М.Йео дэлхийг аврахын тулд олон ертөнц дэх өөрийнхөө хувилбартай холбогдож шилжих ёстой угаалгын газрын эзний дүрийг бүтээдэг байна. “SAG” наадмын олон төрөлд ялалт байгуулсанаараа тус кино нь ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр болох Оскарын шагнал гардуулах ёслолын “Шилдэг кино” шагналын төлөө өрсөлдөх кинонуудын эхний эгнээнд жагсаж байгаагаа харуулжээ.  


Мөн “SAG” наадмаас дөрвөн шагнал хүртсэнээр наадмын түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээл болжээ. Тус наадмын шилдэг жүжигчдийн төрөлд “Everything Everywhere All At Once” кинонд дүр бүтээгээгүй ганцхан ялагч тодорсон нь Канад-Америкийн жүжигчин Брендан Фрейзер бөгөөд тэрбээр “The Whale” киноны дүрээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарчээ.



Холбоотой мэдээ