ШХАБ-ын залуусын анхдугаар уулзалт амжилттай боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-09-01 13:09:20

УЛААНБААТАР. /MONTSAME/. Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн болон ажиглагч орнуудын залуучуудын анхдугаар уулзалт 2016 оны наймдугаар сарын 22-ноос 30-ны хооронд БНХАУ-ын Шинжаан Уйгурын болон  Өвөр Монголын Өөртөө засах орон, тус улсын нийслэл Бээжин хотод болж өнгөрлөө.

Бүх Хятадын залуучуудын холбооноос зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн 9 хүн идэвхтэй оролцож, өөрсдөд ногдсон үүрэг зорилтоо амжилттай биелүүллээ.

Энэ уулзалтад ШХАБ-ын гишүүн /БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикистан, Узбекстан, Киргизстан/ орнууд болон ажиглагч /Афганистан, Беларусь, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан/ орнуудын төлөөлөл болсон 150 орчим залуучууд оролцож, гишүүн болон ажиглагч орнуудын түншлэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцохын зэрэгцээ олон төрлийн арга хэмжээнд оролцож, Хятадын соёлтой танилцлаа.

Мөн төлөөлөгчид хоорондоо уулзалт хийж, Хятадын судлаач эрдэмтдийн бэлтгэсэн БНХАУ болон олон улсын асуудлыг хөндсөн илтгэлүүдийг сонсч, тус улсын Гадаад хэргийн болон Худалдааны яамны төлөөлөгчидтэй уулзалт хийж, Хятадын “Бүс ба зам” санаачилга, түүний хүрээнд хэрэгжиж буй төслүүд болон олон улсын тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцлоо.

Уг уулзалтын хүрээнд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөгчид БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны Өрөмч хот, ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хот, Далад хошуу болон нийслэл Бээжин хотоор аялж, Хятадын томоохон үйлдвэр, компаниудын үйл ажиллагаатай танилцан байгалийн үзэсгэлэнт газар, дурсгалт газруудыг үзэж сонирхлоо.

Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Цагаан хэрэм болон Ордос хот дахь Чингисийн хөшөө дурсгалыг үзсэний зэрэгцээ Хөх Хот дахь “Yili” сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай танилцсан нь төлөөлөгчдөд ихэд таалагдав. Мөн Бүх Хятадын залуучуудын холбооны цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаа, ялангуяа цөлийг ойжуулах 20 жилийн нөр их хөдөлмөрийг төлөөлөгчид нүдээр үзэн, чихээр сонссоныхоо дараа магтан сайшаасныг дурдах нь зүйтэй. 

Бүх Хятадын залуучуудын холбооноос зохион байгуулсан залуучуудын анхдугаар уулзалтын зорилго нь БНХАУ-ын соёл урлаг, харилцаа хамтын ажиллагаа, гадаад бодлого, “Бүс ба зам” санаачилгын талаарх ойлголтыг ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудад нарийвчлан танилцуулж, эдгээр 12 орны хооронд дотно харилцаа холбоо тогтоон, хамтын ажиллагааг бодитоор бий болгох явдал байсан юм.

Ийм уулзалт зохион байгуулах санаачилгыг БНХАУ-ын дарга Си Зиньпин гаргасан бөгөөд уг уулзалтыг БНХАУ-д таван жил дараалан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Уулзалтын төгсгөлд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар терроризм, уур амьсгалын өөрчлөлт, “Бүс ба зам” санаачилга, Евразийн бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг олон улсын тавцанд хамгийн ихээр  анхаарал татаж буй сэдвүүдийг хэлэлцсэний үндсэн дээр хамтарсан тунхаг бичгийг баталлаа. Эдгээр дөрвөн сэдвийн хүрээнд хийгдэж байгаа ажил, хэрэгжиж буй санаачилга, олон нийтийн үйл ажиллагаанд ШХАБ-ын гишүүн орнуудын залуучуудыг татан оролцуулж, тэдний дуу хоолойг нэгтгэх замаар хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг энэхүү баримт бичигт уриалсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ