БНАСАУ стратегийн дөрвөн далавчит пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-02-24 11:04:13

ПЁНЬЯН. /DW/. БНАСАУ “цөмийн байлдааны хүчин”-ийхээ “бэлэн байдлыг” харуулахын тулд стратегийн дөрвөн далавчит пуужин харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлэв.


Пуужингуудыг Япон тэнгис рүү харвасан гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна. 


"Энэхүү сургуулилалт нь БНАСАУ-ын цөмийн байлдааны хүчин дайсагнагч хүчнүүдийн эсрэг цөмийн сөрөг довтолгооны чадавхиа бүх талаар бэхжүүлж буйг дахин харууллаа" гэж уг мэдээнд дурджээ.


БНАСАУ алсын зайн тусгалт далавчит пуужингийн системийг 2021 оны есдүгээр сард анх туршиж байсан бөгөөд түүнээс хойш тэдгээр зэвсгийг “стратегийн” гэж тодорхойлж ирсэн байна. 


Тус улс нь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тив алгасагч баллистик пуужин туршиж, энэ даваа гарагт ойрын зайн тусгалт хоёр пуужинг зүүн эргээсээ тэнгис рүү харваад байсан юм.


АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ

Лхагва гарагт АНУ, БНСУ-ын цэргүүд хамтарсан сургуулилалт хийсэн байна.


“БНАСАУ сүүлийн үед цөмийн зэвсгийн түрэмгий бодлого явуулж, цөмийн чадавхидаа ахиц дэвшил гаргаж буйг харгалзан тус улсыг цөмийн зэвсэг ашиглах хувилбараар сургуулилалт явуулсан” гэж хоёр талын хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Мөн АНУ, БНСУ, Японы цэргүүд Япон тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ. АНУ, БНСУ ойрын хэдэн долоо хоногт дахин хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ