Г.Батсуурь: Туулай жилд тариа, үр жимс цагтаа боловсорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-02-17 14:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн гэвш Г.Батсууриас “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өнгө төрх, мөр гаргах зан үйлийн талаар тодрууллаа.


-“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн онцлог, өнгө төрх ямар байх бол?

-12 жилийн 6 нь эм жил байдгийн нэг нь туулай жил. Энэ жил зөөлөн жил гарч байгаа. Шороон үхрийн зурлагаар бол нийт хүмүүст сайн, тэр дундаа хөгшдөд нэн сайн гэж буй. Залууст ердийн, нялхсаа асарч тойлон анхаарах жил. Жилийн 4 улирлын эхэн болгон хуртай. Тариа, үр жимс цагтаа боловсорно. Ихэс дээдэс эв эеэ хичээх нь чухал. 


-Зүг чиг гаргахын ач холбогдлын тухайд та юу хэлэх вэ? 

онголчууд эрт дээр үеэс мөр гаргадаг уламжлалыг дагаж мөрдөн ирснээс гадна тухайн жилдээ сайн сайхан, аз хийморьтой явдаг хэмээн эрхэмлэдэг. Цагаан сарын шинийн 1-нд нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гарч, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирдэг. Аливаа хүн тодорхой суудалтай бөгөөд тухайн хүн ямар суудалд суусныг олохын тулд найман хөлөлийн хүснэгтийн дагуу эрэгтэй хүн галаас эхлээд найман суудлыг билгийн насны тоогоор нар зөв тойруулан тоолж суудлаа тодор­хойлно. Эмэгтэй хүнийг уснаас эхлэн билгийн насны тоогоор нар буруу тойруулан тоолж, ямар суудалд суусныг мэдэж болно.


-Тодорхой нэг жил дээр тайлбарлаад өгнө үү. Тухайлбал 1963 онд төрсөн туулай жилтэй эр хүн шинийн 1-ний өглөө зүгээ гаргахдаа аль зугт явж аль зүгээсээ ирэх вэ?

-1963 онд төрсөн туулай жилтэй хүний 61-ний жил орно. Усан хөлөлд суусан байна. Шинийн 1-ний өглөө мөр гаргах цог хийморийн зүг нь чанх зүүн зүг байна. Энэ нь хар нохойн ам таарч байгаа тул эмийн зүг буюу чанх урд зүгт явна. Ус гаталж цээрээ гаргаад, хойд буюу буян хишгийн зүгээсээ ирнэ. Аян замд гарах, их үйл бүтээх, худалдаа арилжаа хийх гэж байгаа хүн бол хар нохойн ам руу явдаггүй. Энэ бол сөрөг зүг гэсэн үг л дээ.   


-Эмэгтэй хүнийг шинийн 1-ний өглөө гэрээ 3 тойроход болно. Гэтэл зарим нь заавал зүглэх ёстой гэж хэлдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-Өрхийн тэргүүн голчилж зүг чигээ гаргадаг. Гэхдээ жил орсон ч байдаг юм уу, онцгой нэг насны мөчлөг, харш жил гарч байгаа эмэгтэй хүн зүглэж цээрээ гарах тохиолдол байна. Түүнээс биш эмэгтэй хүн заавал зүглэх ёстой юм биш. Өрхийн тэргүүнээр айлын өнгө зүс тодорхойлогдоно.


-Манай орны хавар урт болдог. Энэ нь мал аж ахуйд сөрөг нөлөө үзүүлэх нь их байдаг. Энэ хаврын хувьд ямар байх талаар зурхайд хэрхэн бууж байх юм?

-Зурхайн өнгөөр хавар сайхан байх болов уу. Улирал бүрийн эхэнд хуртай гэж байгаа юм чинь хавартаа хуртай байх байх аа. Энэ хаврын уур амьсгал зөөлөн байх боломжтой.


-Шинийн нэгний өглөөний нар харах, уул овоогоо баясгах гэсэн хүмүүс их байдаг. Энэ зан үйлийг үйлдэх ёстой юу?

-Монголчууд нүүдлийн мал ахуй эрхэлдэг, тархан суурьшсан ийм уламжлалтай ард түмэн. Алтайн хязгаар ч юм уу, тухайн амьдарч байгаа газрынхаа уул овоог шүтэн, мал ахуйгаа адгуулан маллаж байсантай холбоотой. Шинэ он гарсан учраас эргэн тойрноо ажиглаж, уул овоондоо идээ цагааныхаа дээжийг өргөж, тэнд зүг чигээ гаргадаг. Сүүлийн жилүүдэд нар харах нь ихсэж, үндсэн утга агуулгаасаа гажих явдал гарч байна. Уул овоонд сүү өргөчихөөд сүүнийхээ байгальд шингэдэггүй савыг тэнд орхих, цаастай чихэр өргөх зэрэг сөрөг үзэгдэл ажиглагдаж байна. Энэ бол зөв зохистой зүйл бол биш юм аа.

 


Төгс буянт зурхайн ёсны 17 дугаар жарны "үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн үр

"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилд “ Хүмүүс нугууд өвчин үгүй сэтгэл баясан төрөө номчлон, тэтгэж жаргалантай болъюу” хэмээн зурхайн шүнд айлдсан байна.

Шороон үхрийн зурлагыг шинжих нь: Үхрийн толгойн өнгө нь хөх, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан ходоод нь цагаан байна.

Үхэр хариулагч нь: Өвгөн хүмүүн хөх дээлтэй, шар бүстэй, улаан царайтай, үхэр хариулаач өвгөн хүмүүн байх агаад үс нь чихний ар ба зүүн чихний өмнүүр хийссэн, олсон шилбүүр бариад, хоёр гутлаа өмссөн. Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яаран гүйж явна.

Шороон үхрийн ерөнхий шинж: Хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хуртай. Хур ус ихдэн, хүйтэн болон бадган өвчин гарна. Улс орноо зонхидоо тааруухан.

Үхэр хариулаач: Өвгөн хүмүүн байгаа нь өвгөдөд ээлтэй, залууст дунд зэрэг, нялхаст машид ширүүн болой хэмээжээ.

Холбоотой мэдээ