Эрээний боомтоор Монголоос 8 хүний суудалтай хувийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар ярилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын
эдийн засаг, хамтын ажиллагааны чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын
ӨМӨЗО-ны Эрээн хотод энэ оны 6 дугаар сард зохион байгуулах гэж байна. Энэхүү
үйл ажиллагаанд гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим ихээхэн ач
холбогдол өгөн бэлтгэж байна. Энэ талаар саяхан МҮХАҮТ-ын удирдлагууд БНХАУ-ын
Эрээн хотын захиргааны төлөөлөлтэй хийсэн уулзалтаар ярилцлаа.
Тодруулбал, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Эрээн хотын намын хорооны гишүүн, хотын Засаг даргын орлогч Жан Ин Же-тэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
МҮХАҮТ-аас
Хятад-Монгол-Оросын
эдийн засаг, хамтын ажиллагааны чуулга уулзалт, үзэсгэлэнгийн өмнө Эрээн хотын хилийн иргэдийн
худалдааны чөлөөт бүсээр болон Эрээн хотын борлуулалтын төвөөр дамжуулан
Монголын ААН-үүдийн
бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх талаар санал тавьсан юм.
Уулзалтын үеэр Замын-Үүд-Эрээн боомтоор 8 хүний суудалтай хувийн тээврийн хэрэгслийг АТА
Карней гэрчилгээтэй гаалиар нэвтрүүлэх, хоёр талын хилийн хязгаарлалтын бүсэд
чөлөөтэй нэвтрүүлэх талаар судлахаар тохиролцлоо. Түүнчлэн, мэдээлэл солилцоог
эрчимжүүлж, хууль бус наймаа зэрэг бизнест
сөрөг
үйл ажиллагааг таслан зогсооход хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад манай улсаас “Боса кондитер”, “Тэсо групп”, “Сүү”, “Натурал текстайл”, “Витафит групп”, “Монос хүнс” ХК-ийн төлөөлөл оролцов.
Тодруулга: АТА карней нь бараа,
тээврийн хэрэгслийг хилээр импортын
гаалийн татваргүйгээр түр хугацаагаар оруулах, буцаан гаргах олон улсын гаалийн
баримт бичиг юм. Энэ нь
үндэсний гаалийн мэдүүлгийг орлодог. Монгол Улс 2004 онд Станбулын конвенцэд нэгдэн орсноор АТА карнейг олгох эрхтэй болсон. АТА карнейд мөн
дараах
төрлийн бараа бүтээгдэхүүн хамаарна. Үүнд:
- Худалдааны загвар
- Ажил мэргэжлийн тоног төхөөрөмж
- Үзэсгэлэн, яармаг болон ижил төстэй хурал цуглаан зэрэг үйл
ажиллагаанд зориулсан бараа бүтээгдэхүүн.
АТА карнейд
амархан муудах өргөн хэрэглээний бараа болон засвар хийх шаардлагатай бараа
бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж хамаардаггүй.