ХОВД: Цэцэрлэг, дотуур байрыг эко хэрэглэгдэхүүнээр хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-12 10:52:03

Ховд/МОНЦАМЭ/. Хөдөөгийн сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн зөөлөн эдлэл, аяга тавгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэх боломж байдаггүй.

Иймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Боловсролоо дэмжье" хөтөлбөр хэрэгжүүлж, дээрх асуудлыг шийдвэрлэж эхэллээ.

Өнөөдөр Дөргөн, Мянгад суманд  ажиллах үеэрээ  тус  сумын цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулан сайн чанарын даавуугаар хийсэн зөөлөн эдлэл, нян бактер үрждэггүй, Монгол Улсын одоо мөрдөгдөж байгаа стандартыг хангасан хоолны иж бүрэн эко хэрэгсэл хүлээлгэн өгөв.

Сумын цэцэрлэг, сургуулийн дотуур байранд хоолны хэрэгсэл, аяга таваг  хүрэлцээ муутай, зөөлөн эдлэлийн ашиглах хугацаа хэтэрч, хуучирч муудсан, шинэчлэх зайлшгүй шаардлага байсныг энэ үеэр багш, эцэг эхчүүдийн төлөөлөл онцоллоо.

Тодруулбал, Дөргөн сумын сургууль 585 сурагчтай. Үүнээс 110 хүүхэд нь дотуур байранд амьдарч байна. Сургуулийн дотуур байр хамгийн сүүлд 2015 онд зөөлөн эдлэлээ шинэчилж байжээ.  Харин  хүүхдийн цэцэрлэгийн хувьд  нэг ээлжийн зөөлөн эдлэлтэй, түүнийгээ 5-аас дээш жил ашигласан гэнэ.  Тэгвэл одоо хүүхдүүд хоёр ээлжээр хэрэглэх шинэ зөөлөн эдлэлтэй болж байна.    

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа цаашид төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хандивлагч байгууллагуудтай хамтран дөрвөн жилийн хугацаанд аймгийнхаа бүх сумын цэцэрлэг, дотуур байрыг эко хэрэглэгдэхүүнээр хангахаар төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ