Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт 20 эмч, мэргэжилтэн шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-12 08:59:16
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын залуусыг хамруулах ажлыг НҮБ-ын Хүүхдийн сантай  хамтран хэрэгжүүлж эхэллээ.


Тус хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчдыг бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр зарлагдаж, 265 хүн материалаа илгээснээс хот болон орон нутгийн төр,хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй 20 залуу шалгарч сонгогджээ.


Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан эмч, мэргэжилтнүүд үндсэн Харвардын Их Сургуулийн хөтөлбөрөөс гадна НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад манлайлагчдыг бэлддэг  төрийн бус байгууллагуудтай хамтран нэмэлтээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, хууль эрх зүйн ойлголт, гүйцэтгэлийн санхүүжилт, хувь хүний манлайлал, байгууллагын менежмент,  практикт суурилсан дүн шинжилгээ хийх, судалгааны арга зүйн чиглэлээр нэмэлт сургалт семинарт хамрагдах юм байна.


Тэднийг 2 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан хүлээн авч уулзаж баяр хүргэж, сурлагын амжилт хүслээ. НҮБ-ын Хүүхдийн сан нийт шалгарсан оролцогчдод зөөврийн компьютер бэлэглэж, Малайз улсад сургалтад хамрагдах замын зардлыг хариуцаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ