ХОВД: “Алтай” хүнсний зах ашиглалтад орсноор 15 хүн ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-10 09:02:04

Ховд/МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо, бусад төрлийн бүтээгдэхүүнээр хангах "Алтай" хүнсний шинэ зах өнөөдөр нээлтээ хийлээ.

Жаргалант сумын нутаг дэвсгэрт үүд хаалгаа нээсэн шинэ зах иргэдийг хямд үнэтэй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна нэг дор 15 хүнд шинэ ажлын байр бий болгосон байна.

Тус захын нээлтэд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл тэргүүтэй албаны төлөөлөл оролцож, шинэ ажлын байр бий болгосонд талархал илэрхийлэвМөн Алтай захын түрээслэгчид болон үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл их ирсэн байна.

Ховд аймгийн төвд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа таван зах худалдааны төв бий. Энэ удаа шинээр ашиглалтад орсон "Алтай" хүнсний зах нь Ховд аймгийн төвд байгуулсан зургаа дахь хүнсний зах болж байгаагаараа онцлогтой.

Ийнхүү орон нутгийн иргэд, тэр дундаа орон сууцны хороололд оршин суугаа иргэдэд хүнсний үйлчилгээг ойртуулснаар сүү сүүн бүтээгдэхүүн болон гурил, будаа, мах махан бүтээгдэхүүнийг баталгаат цэгээс, бөөний үнээр, өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой болж байна.

Цаашид захын үйл ажиллагааг өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах гээд олон асуудлыг чухалчилж байна гэж "Алтай" хүнсний захын менежер Г.Алтанзаяа хэллээ.  

Холбоотой мэдээ