ОРХОН: Б.Хулан: Өсвөр үеийнхэн нөхөн үржихүйн мэдээллийг найз, нөхдөөсөө авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-09 15:27:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт 10-19 насны сурагчдад зориулан “Би найзынхаа илтгэлтэй зөвлөх” үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт эхэллээ. Сургалтын үеэр өсвөр үеийхний нөхөн үржихүй, бэлгийн боловсролын талаар  мэдээлэл өгч буй БОЭТ-ийн эмч Б.Хулантай ярилцлаа.

 

-Өсвөр үеийнхэн биед нь физиологийн өөрчлөлт гарахад эцэг, эх ойр дотныхондоо биш найз нөхдөдөө хэлдэг. Хэрэв найз нь буруу зөвлөгөө өгвөл аль аль нь хохирох эрсдэлтэй. Нөхөн үржихүйн талаарх мэдээллийг өсвөр үеийнхэн үе тэнгийн найз, нөхдөөсөө авах нь зөв үү?

-“Өвсний үндэс” хөтөлбөрийн  2018 оны  тайлан, судалгааг харахад, “Хүүхдүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээллийг үе тэнгийн найз нөхдөөсөө авдаг” гэж судалгаанд оролцсон хүүхдийн 50 хувь нь хариулсан байсан. Мөн хүүхэд өөрийн биед тулгарч байгаа асуудлыг хэрхэн даван туулж байгааг нь тодруулахад ээждээ болон найздаа хэлдэг гэж хариулсан байна. Тэгэхээр хүүхдүүд бие биедээ мэдээллийг маш сайн дамжуулдаг гэсэн үг.  

Мөн сүүлийн үед хүүхдүүд цахимаас бүр ч их мэдээлэл авч байгаа. Тэгэхээр бид тэдэнтэй нэгэн ижил л сэтгэх хэрэгтэй болно. Тэдний дуу хоолойг сонсож, тэдний сонирхдог, хүсдэг “хэлээр” нь ярьж тэдэнтэй ойлголцох хэрэгтэй юм. Иймд Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БШУГ хамтран өнгөрсөн онд “Эрүүл хүүхэд” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд өсвөр үеийхэнд нөхөн үржихүйн боловсрол олгох сургалт, мэдээлэл хийж, үе тэнгийн сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн эхний ажил “Би найзынхаа итгэлтэй зөвлөх” сургалтыг эхлүүллээ. Сургалтад 10-19 насны эрэгтэй, эмэгтэй сурагчид, эрүүл мэндийн багш нар хамрагдаж байна. Тиймээс үе тэнгийн сургагч багш бэлтгэх нь зөв. Манай аймагт өсвөр үеийн сургагч багшийг “Шүүдэр” охидын төв, “Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”, БОЭТ бэлтгэж байна.


-Сургалтын үеэр өгч буй гол мэдээлэл, зөвлөгөө юу вэ?

-Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, бэлгийн бойжилт, шилжилтийн насны талаар би мэргэжлийн эмчийн хувьд зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн бэлгийн чиг баримжаа, жендэрийн асуудлаар ярилцана. “Сэтгэлийн эрүүл мэнд” сэдвээр “Харилцааны гайхамшиг” ТББ-ын тэргүүн Н.Алтанцоож сурагчдад мэдээлэл өгнө. Өсвөр үеийхний биед гарч буй өөрчлөлтийг дагаад сэтгэл санаа нь тогтворгүй байдаг. Тиймээс сэтгэл зүйн асуудлыг заавал хөндөж ярилцах ёстой.

Эдгээр мэдээллийг авсны дараа сурагчид үе тэнгийхэндээ яаж зөвлөгөө өгөх вэ, ямар аргаар найздаа туслах вэ, тулгамдаж байгаа асуудлынх нь талаар мэргэжлийн эмч нартай хэрхэн уулзах вэ гэдгийг зааж өгөх харилцааны аргачлалыг хэлнэ.


-Энэ удаагийн сургалтаар хэдэн сурагчийг сургагч багшаар бэлдэж байгаа вэ?

-10-19 насны 180 сурагч, эрүүл мэндийн 20 багшийг бэлдэж байна. Эдгээр багш, сурагчдад гурван өдрийн вакуумжуулсан сургалт орж байна. Ирэх жил гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдвар гээд сэдвүүд нь илүү өргөжих юм. Нэг сургуулиас найман сурагч, нэг багшийг эхний ээлжинд бэлдээд дараа нь үе шаттайгаар бэлдээд байвал мэдээлэлтэй хүүхдүүд нэмэгдэнэ гэсэн үг юм.


-Та БОЭТ-ийн өсвөр үеийн эмчээр ажилладаг. Танд хандаж байгаа хүүхдүүд ямар асуудлыг голчлон ярьдаг вэ?

-Би өсвөр үеийн эмчээр 2019 оноос хойш БОЭТ-д ажиллаж байна. Өсвөр үе гэдэгт эрэгтэй, эмэгтэй бүх хүүхэд ордог. Манай зарим эцэг, эхчүүд зөвхөн эмэгтэй хүүхдийн асуудлаар л өсвөрийн эмчид хандах ёстой юм шиг буруу ойлголттой байдаг. Тэгэхээр ээж, аав нар эхлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хөвгүүдэд тулгамдаж байгаа олон асуудал байдгийг мартаж болохгүй юм.


Охидын үзлэгийн үед ихэнх нь үрэвслийн өвчлөлтэй байдаг. Ээж, аав нар нь хүүхдээ бэлгийн хавьталд ороогүй байхад яагаад ийм үрэвсэлтэй байдаг юм гээд гайхаад байдаг. Үрэсвэл нь даарч, ядрах эсвэл өөр эрхтэн тогтолцоотой холбоотой байдаг. Энэ бүгдийг манайд хандаж байгаа хүүхдүүдэд ойлгуулах, ээж, аавд нь зөвлөөд явуулдаг.


Заримдаа дөнгөж үерхэж, нөхөрлөж байгаа хосууд ирнэ. Тэд бид хэзээ бэлгийн хавьталд орж болох вэ, юуг анхаарах вэ гээд асуудаг. Зөвлөгөө авдаг. Зарим хүүхүүд өөрсдийнхөө асуудал, бэрхшээлийг давахын тулд мэргэжлийн эмчид хандах ёстойгоо маш сайн мэддэг. 2019 онд манайд 16,18 настай хосууд ирж зөвлөгөө авч байсан. Тэд 3 жилийн турш бидэнтэй холбоотой байж байгаад саяхан анхны хүүхдээ өлгийдөж авсан. Одоо гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн дараагийн асуудлын талаар зөвлөгөө авч байгаа. Энэ мэтчилэн хүүхдүүд их өөр болсон гэдгийг эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

Заримдаа өрх толгойлсон аав нар ирдэг. Охидуудтайгаа яаж харьцахаа мэдэхгүй, сарын тэмдэг анх удаа ирэх үед нь ямар зөвлөгөө өгөх вэ гээд ороод ирдэг. Охиныхоо, хүүгийнхээ асуултад хэрхэн зөв хариулах вэ гээд олон зүйлийг асуудаг.


-Өсвөр насны охидууд сарын тэмдэг ирэх анхны үе, хөх нь томорч эхлэх үед их эмзэг болдог. Сэтгэл санаа нь ч тогтворгүй болж гэрийхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ их зөрчилддөг. Энэ үед эцэг, эхчүүд яаж харилцах ёстой вэ?

-Бид бүгд л энэ дэлхийд анх удаа амьдарч байна. Мэдэхгүй, чадахгүй олон зүйл бий. Аав, ээж та ч гэсэн өсвөр насан дээрээ тийм л байсан. Зарим охидууд хөх нь ургаад ирэхээр өөрт нь таалагдахгүй байх эсвэл сарын тэмдэг нь ирэхэд бүүр төвөгшөөж хүлээж авдаг ч хүүхэд бий. Энэ насныхан өөрийгөө бусадтай их харьцуулж эхэлдэг учир өөрийгөө байнга голж байдаг. Үүнийг нь сайн ойлгуулж чи бол цорын ганц, чиний биед гарч байгаа өөрчлөлт жам ёсны асуудал. Иймд энэ бүхнийг зөвөөр хүлээж авах, өөрөө, өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг нь зөвөөр ятгаж ойлгуулах хэрэгтэй. Шууд л чи тэгж бодоод байхдаа яахав дээ, энэ чинь ийм, тийм гээд шууд бодлоо тулгаад байхаар хүүхэд харилцаагаа хумиад илүү хаалттай болчихдог. Тиймээс хүүхдийг аль болох багаас нь чи бол миний нандин эрдэнэ, чи бол дахин давтагдашгүй цорын ганц, өөрийн чинь бие физологи бол эцэг, эхээс чинь удамшиж байгаа зүйл учир санаа зоволтгүй энгийн зүйл гэдгийг ойлгуулах. Бас цаг хугацаа өнгөрч хүүхэд чинь аливаа зүйлийг эргэцүүлж өөрийн бодолтой болох үеийг ч хүлээн хэрэгтэй болно.


-Энэ насны охидууд хөхнийхөө том, жижиг, хөвгүүд нь бэлэг эрхтэнийхээ том, жижигт их эмзэглэж эхэлдэг. Том, жижгийн асуудал биш харин эрүүл байгааг нь яаж өөрт нь ойлгуулах вэ?

-Хэрэв охин чинь хөхөндөө санаа зовж байвал эхлээд шүүлгүйгээр сонс. Дараа нь хөхөө томруулаад яг ямар эмэгтэй байхыг хүсээд байгааг нь ойлго. Тэгээд хөхөө томруулмаар байгаа бол том болоод өөрөө шийдэж болно гэдгийг нь хэл. Гэхдээ ямар эрсдэл үүсч болдгийг сайн ойлгуул. Хэрэв охиноо, хүүгээ өөрийн биеэ голж байхад нь ойлгохгүйгээр шууд тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гээд байвал хүүхэд сүүлдээ өөрийнхөө асуудлыг өөр хүнээс асууж эхэлнэ. Тэр хүн зөв, буруу мэдээлэл өгвөл яана. Иймд хүүхдүүдтэйгээ сайн ярилц гэж зөвлөнө.


Зарим ээж, аав нар хүүгийнхээ шодойг хэт жижиг байна, яаж томруулах вэ гээд санаа зовоод ирдэг. Гол нь физилогийн үйл ажиллагаа нь хэвийн үү гэдгийг л анхаарах ёстой. Энэ бол эрүүл мэндийн хувьд маш чухал.


-Ер нь бага насны хүүхдүүд “Би хаанаас төрсөн бэ, яаж төрсөн бэ” гэдэг асуултыг их асуудаг. Үүнд ээж, аав нар хэрхэн хариулахаа мэддэггүй. Ингэж нуусаар нэг мэдэхэд хүүхэд маань өсвөр насанд хүрчихдэг. Тэгэхээр бид хүүхдийнхээ асуултад хэрхэн хариулж сурах вэ?

-Юуны өмнө эхлээд, хүүхдүүдэдээ бэлгийн ариун цэврийн асуудлыг дадал болго. Өглөө, орой болгон шүдээ угаадаг шигээ бэлгийн ариун цэврийг сахиулж дадуул. Дараа нь хүүхэд чинь би яаж төрсөн бэ гэдгийг насанд нь тохируулаад хариулж сур. Бага насны хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хүйсийг ялгана, тэр ч бүү хэл бэлэг эрхтэн өөр байгааг нь мэднэ. Та хүүхэдэдээ үнэнийг хэлэхгүй байсан ч хүүхэд чинь цэцэрлэг, сургуулийнхаа найз нөхдөөс асуугаад, ярилцаад мэдчихнэ. Тэгэхээр өөр хүнээс зөв буруу мэдээлэл сонсож байхаар аав, ээж та өөрсдөө үнэнийг хэлж сурах хэрэгтэй.Тэгээд чи бидэнд маш нандин, эрхэм хүн учир чамайг өсгөж хүмүүжүүлж байгаа юм гээд хэлэх хэрэгтэй.


-Өсвөр насны эмчийн хувьд хүүхдүүдэд хандаж зөвлөх, анхааруулах зүйл юу байдаг вэ?

-Янз бүрийн асуудал тулгараад ирж буй хүүхэдтэй ярилцахад “Би мэдээгүй шүү дээ” гэж хариулдаг. Би энэ хариултыг сонсохоос ч айдаг. Яагаад мэдээгүй вэ, мэдэх боломжгүй байсан уу, хэн зааж өгөөгүй вэ, аав, ээж үү, эмч би юу гээд маш их эмзэглэдэг. Тэд мэдээгүй байх нь аргагүй. Бүх зүйл нь шинэ байгаа. Тэгвэл хэн мэдүүлж, ойлгуулах ёстой байсан бэ гэвэл томчууд. Тиймээс томчууд бид хүүхдүүддээ мэдүүлэхийн тулд энэ сургалтыг хийж байна. Орхон аймагт өсвөрийн эмч байна, эрэгтэйчүүдийн урологийн эмч байна. Зарим аймагт ийм мэргэжлийн эмч дутагдалтай байдаг. Манай аймагт давуу тал олон байхад эцэг эхчүүд яагаад үүнийг олж харахгүй байна вэ гэдэгт асуудал байгаа. Тиймээс мэдээгүй шүү дээ гээд алдсаных нь дараа сонсох хариулт биш алдахаас нь өмнө хүүхдүүддээ ойлгуулаарай.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ