“Рамсей-120” эрдмийн хурлыг Монгол Улс, Их Британийн дипломат харилцааны 60 жилийн ойд зориулан зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-09 13:00:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эдийн засгийн өсөлтийг Английн нэрт эрдэмтэн, эдийн засагч Ф.Рамсейн онолоор тооцон үзвэл Монгол Улс ДНБ-нээ 12 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгааны дүн гарчээ. Үүнийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш Ч.Анхбаяр өнөөдөр болсон “Рамсей-120” эрдэм шинжилгээний хуралд тавьсан “Рамсейн өсөлтийн онол” итгэлээрээ танилцууллаа.


Тэрбээр хэлэхдээ, эдийн засгийн өсөлт үйлдвэрлэлээр хэмжигддэг. Үйлдвэрлэлийн өсөлтийг хангахын тулд түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах шаардлагатай. Үйлдвэрлэл нь эргээд нийгмийн сайн сайхан байдлыг хангах хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, тэр нь өрхийн харилцан үйлчлэлийн үр дүнд эдийн засаг өсдөг хэмээн Ф.Рамсейн суурь онолоор үздэгийг онцлов.

Ф.Рамсейн анх дэвшүүлэн тавьсан энэ санаагаар тоон судалгаа хийснээ танилцуулахдаа, Рамсейн математик-эдийн засгийн тооцооллын суурь загварын үр дүнгээр харах юм бол биет капиталын хэмжээгээр Монгол Улс 3 дахин хоцорсон байдлаар явж буйг тэрбээр илтгэлдээ дурдсан юм.





Нэг ёсондоо энэ нь манай улсад нийгмийн сайн сайхныг хангах хэмжээний үйлдвэрлэл явуулж чадахгүй байна гэсэн үг. Тэр байх ёстой үйлдвэрлэлийн түвшнээс 1.6 дахин бага байна. Ф.Рамсейн суурь загвартай харьцуулсан зохистой хэмжээнд хүрэхийн тулд Монгол Улс ДНБ-ээ 12 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгааны дүн гарсан гэв.


МУИС-ийн номын санд өнөөдөр болсон “Рамсей-120” эрдэм шинжилгээний хурлыг Английн нэрт эрдэмтэн Ф.Рамсейн мэндэлсний 120 жил, Монгол Улс, Их Британи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 60 гаруй судлаач оролцож “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлох”, “Рамсейн татварын оновчлол ба оновчтой удирдлага” зэрэг сэдвээр илтгэл тавин хэлэлцэв.




Тодруулга: Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсей нь анх 1928 онд нийгмийн сайн сайхан байдлыг хангахын тулд эдийн засгийн өсөлтийг ханган түргэсгэхэд хуримтлал бий болгох асуудлыг математик талаас анх дэвшүүлэн гарган эдийн засагт тавьж байсан юм. 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ