ГОВЬ-АЛТАЙ: Б.Билэгсайхан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил дийлэнх хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-08 16:35:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2022 онд орон нутгийн эрүү, зөрчлийн нөхцөл байдал ямар байсан талаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б.Билэгсайханаас тодрууллаа.


2022 онд үйлдэгдсэн хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэгт заасан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 5, 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 70, 12 дугаар бүлэгт заасан Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5, 13 дугаар бүлэгт заасан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 1, 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 94, 20 дугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 1, 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг 8, Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 12, 27 дугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8 бүртгэгдсэн байна. 


-Говь-Алтай аймагт өнгөрсөн онд зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдал ямар байв?

-2022 онд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагаас зөрчлийн талаарх 2445 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 574 буюу 30.6 хувиар өссөн. Харин зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэлтээр нь авч үзэхэд 273 буюу 11.6 хувийг хүлээн авахаас татгалзаж, 1602 буюу 65.5 хувийг нь хялбаршуулсан журмаар шалган шийтгэл оногдуулж, 556 буюу 22.7 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 29 буюу 12 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж тус тус шийдвэрлэснээр хяналт тавьсан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 99.7 хувьтай байна.  

2022 онд зөрчлийн 556 хэрэгт хяналт тавьж ажилласан бөгөөд дийлэнх буюу 96.9 хувьд нь Цагдаагийн газар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан бөгөөд хяналт тавьж ажилласан зөрчлийн хэрэг урд оноос 109 буюу 19.7  хувиар өссөн. 


-Ер нь зөрчлийн ямар хэрэг зонхилон үйлдэгдэж байна?

-Өнгөрсөн онд хяналт тавьж ажилласан зөрчлийн хэргийг шийдвэрлэлтээр нь авч үзвэл 44 буюу 16.3 хувьд нь шийтгэл оногдуулж, 209 буюу 77.4 хувийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж, 3 буюу 1.1 хувийг хэрэгсэхгүй болгож, 9 хэрэг буюу 3.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 хэрэг буюу 0,4 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2 хэрэг буюу 0.7 хувийг нэгтгэж тус тус шийдвэрлэснээр хэргийг шийдвэрлэлт 98.5 хувьтай байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 556 хэргээс 3 төрлийн зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Үүнд:


Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил” 321 буюу 57.7 хувийг, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” зөрчил 73 буюу 13.1  хувийг, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 70 буюу 12.5 хувийг эзэлж байна. 


-Үйлдэгдсэн зөрчлийн хэрэгт хэчнээн хүн холбогдсон бэ?

-Зөрчил үйлдэгчийн байдлыг авч үзэхэд 556 зөрчлийн хэрэгт 571 этгээд холбогдон шалгагдсан байна. Үүнээс 536 буюу 93.8 хувь нь эрэгтэй, 35 буюу 6.2 хувь нь эмэгтэй хүйсийнх бол насны хувьд 18 нас хүртэлх этгээд 8 буюу 1.4 хувь, 18-35 насны этгээд 292 буюу 52.5 хувь, 36-50 насны этгээд 211 буюу 37.9 хувь, 51-ээс дээш насны этгээд 60 буюу 10.7 хувийг тус тус эзэлж байна.

Боловсролын байдлаар нь авч үзвэл дээд боловсролтой 82, тусгай дунд боловсролтой 41, бүрэн дунд боловсролтой 221, бүрэн бус дунд боловсролтой 82, бага боловсролтой 70,  боловсролгүй 75 холбогдогч байна. 

Тэднийг ажил эрхлэлтийн хувьд авч үзвэл зөрчилд холбогдогчийн 52 буюу 9.3 хувь нь оюутан, 239 буюу 42.9 хувь тодорхой эрхэлсэн ажилтай, 280 буюу 50.3 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй этгээд байна. Үүнээс төрийн албан хаагчаас зөрчилд холбогдсон 132 буюу 23.7 хувь нь байна. 


-Дээрх үйлдэгдсэн зөрчлийн улмаас хэчнээн төгрөгийн хохирол учирсан, хохирлыг барагдуулах ажлыг хэрхэн хийв?

-Зөрчлийн хэргийн улмаас иргэд болон төрийн байгууллагад 26.581.000 төгрөгийн хохирол учирснаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд 26.581.000 төгрөгийн хохирлын нөхөн төлүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээж ажилласнаар зөрчлийн хэргийн улмаас учирсан хохирол 100 хувь нөхөн төлөгджээ.


-Зөрчил хэрэг үйлдэгчдээс хэдийг нь яллагдагчаар татаж эцэслэн шийдвэрлээд байна вэ?

-Аймгийн прокурорын газраас 2022 онд 582 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх онтой харьцуулахад хяналт тавьсан гомдол, мэдээлэл урд оноос 75 буюу 14.7 хувиар өссөн байна.  

Хяналт тавьсан 582 гомдол, мэдээллийн 204 буюу 35 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 275 буюу 47.2 хувьд нь хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, 75 буюу 12.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж тус тус шийдвэрлэснээр 95.1 хувийг эцэслэн шийдвэрлэлээ. 

Түүнчлэн өмнөх оны үлдэгдэл хэрэг 163, энэ онд шинээр дугаар олгосон 204 нийт 367 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь урд оны мөн үеэс 87 буюу 31 хувиар өссөн байна. Хяналт тавьж ажилласан хэрэг бүртгэлтийн 367 хэргийн 258 буюу 70.2 хувийг хөнгөн, 106 буюу 28.2 хувийг хүнд ангиллын хэрэг эзэлж байгаа бөгөөд шийдвэрлэлтийн хувьд 100 буюу 27.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 93 буюу 25.3 хувийг хааж, 2 буюу 0.5 хувийг нэгтгэж тус тус шийдвэрлэснээр эцэслэн шийдвэрлэлт 53.1 хувьтай байна.

Үүний зэрэгцээ хяналтын харьяа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мөрдөн байцаалтын 204 хэрэгт хяналт тавьж ажилласан нь урд оноос 31 буюу 17.9 хувиар өссөн. Эдгээр 204 хэргийн 151 буюу 74 хувь нь хөнгөн, 53 буюу 26 хувь нь хүнд ангиллын хэрэг байх бөгөөд шийдвэрлэлтийн хувьд 166 буюу 81.4 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 32 буюу 15.7 хувийг нэгтгэж, 4 буюу 2 хувийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснээр нийт хэргийнхээ 99 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

-Гэмт хэргийг ихэвчлэн хэдий насны хүн үйлдэж байна. Өсвөр насныхан холбогдож байна уу?

-Яллагдагчдын 218 буюу 86.9 хувь нь эрэгтэй, 33 буюу 13.1 хувь нь эмэгтэй хүйсийн этгээдүүд бол 18 хүртэлх насны яллагдагч 7 буюу 2.8 хувь, 18-35 насны яллагдагч 140 буюу 55.7 хувь, 36-50 насны яллагдагч 82 буюу 32.7 хувь, 51-ээс дээш насны яллагдагч 22 буюу 8.8 хувийг эзэлж байна. Дээрхээс дүгнэхэд 18-35 буюу ид хөдөлмөрийн насны этгээдүүд гэмт хэрэг ихээр үйлдэж байна. Мөн 2022 онд өсвөр насны 7 хүн гэмт хэрэг үйлдсэн урд оноос 63.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Тус аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны байдлаар нийт 60 хүн нас барсан. Гэмт хэргийн улмаас 57 хүний эрүүл мэндэд хөнгөн, 8 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 16 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирчээ.


2022 оны байдлаар цагдаагийн газрын баривчлах байранд шүүхийн шийтгэврийн дагуу 349 этгээдийг хүлээн авч ажилласан байгаа нь урд оноос өссөн байна. Дээрх баривчлагдсан этгээдүүдээс дийлэнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал ихэссэн байгаа нь харагдаж байна. 


-Аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулав?

-Аймгийн прокурорын газраас 2022 онд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аж ахуйн нэгж, байгууллагад 22 мэдэгдэл бичиж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 удаа шалгалт явуулж, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг 3, зөрчлийн шалтгаан нөхцөлийг 2 удаа тус тус судалж энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч, иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа.  

Аймгийн төв Есөнбулаг суманд танхайрах зөрчлийн гаралт нэмэгдсэн байсан тул аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр, бар, караоке, зах, бөөний худалдааны төв зэрэг 91 газар, нийтийн тээврийн 127 такси, автобусанд Танхайрах зөрчлөөс урьдчилан сэргийлэх постерыг байршуулан, 5 багийн иргэдэд Танхайрах зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, уг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, яриа таниулга хийж, шторк бэлтгэн олон нийтэд хүргэн ажиллалаа.

Үүний сацуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагын алба хаагч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох, сургалт, яриа таниулга хийх ажлын хуваарийг батлан хуваарийн дагуу 16 төрийн байгууллага, 3 багийн 600 гаруй иргэдэд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэдэд яриа таниулга хийх гэх мэт ажлыг төлөвлөгөөнд заасан хугацаанд  тогтмол хийж байна.


-Ярилцлагынхаа төгсгөлд хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргэнэ үү. Иргэд хэрэг зөрчилд холбогдохгүйн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?


Говь-Алтай аймгийн хэмжээнд 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 70, 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 94 үйлдэгдсэн нь хамгийн их байна. 


Дээрх гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн байна. Залилах гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нь иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, өндөр хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэх хуурамч хаягт нэгддэг, эд зүйл худалдан авах гэж урьдчилан мөнгө шилжүүлдэг, мөн хувийн мэдээлэл алдагдаж тухайн этгээдийн мэдээллийг ашиглан бусдаас мөнгө авах байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Нөгөөтэйгүүр иргэд богино хугацаанд өөрийн мөнгийг өсгөх, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн итгэлээр бусад руу мөнгө шилжүүлж залилуулж байна. 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нь иргэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг, хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас маргалдаж бусдын биед халдан эрүүл мэндэд нь хохирол учруулж байна. 

Түүнчлэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа сумдад эргүүл, хяналт шалгалтыг тогтмол хугацаанд хийж гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох шаардлагатай байна. 

-Цаг үеийн мэдээлэл өгсөнд баярлалаа.


Холбоотой мэдээ