Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-02-07 18:07:39

АНКАРА. /BBC/. Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд нутаг болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний 5000 даваад байна. 


Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, тус улсад амиа алдсан хүний тоо 3419-д хүрч, 20 426 хүн гэмтэж бэртэж, 5775 байшин барилга нурсан байна. Сирийн Идлиб, Алеппо, Хама, Латакиа, Ракка мужуудад 1 600 гаруй хүн амиа алджээ. 


Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй байгалийн гамшигт энэ үзэгдэлд 13.5 сая хүн нэрвэгдсэн гэж тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум мэдээллээ. 


Тэрбээр байшин барилгын нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг мэдээлээд, ийм ажиллагаанд эхний 72 цаг амин чухал гэдгийг цохон тэмдэглэжээ. 


Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаанд 65 орны 2660 алба хаагч оролцож байна гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Туркийн аврах албаныхантай хамтран 13 740 хүн байгалийн гамшигт өртсөн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаанд 629 өргүүр кран, 360 тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа аж. 


Гамшгийн уршгийг арилгах ажиллагаатай холбогдуулан Туркийн Батлан хамгаалахын нисэх хүчний тээврийн онгоцнуудыг дайчлан тусламжийн ажиллагаанд оролцуулж байгаагаас гадна, Кахраманмараш, Газиантеп хотуудын нисэх онгоцны буудлуудын иргэний агаарын тээврийн нислэгийг цуцалжээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр, тусламж хүргэх 146 нислэг үйлдэж, нийтдээ 300 мянган хөнжил, 41 504 майхан болон халаагуур, гал тогооны хэрэгслийг хүргэсэн байна.  


Түүнчлэн Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүст зориулж цус сэлбэлтийн нөөц илгээн, улс орон даяар цусаа хандивлах аян зарлажээ.


Турк, Сирийн засгийн газарт тусламж үзүүлэхээ Европын Холбоо, НАТО болон бусад олон улсын байгууллагуудаас гадна дэлхийн олон улс орон мэдэгдээд байна.


НҮБ-ын байгууллагууд газар хөдлөлтийн бүсэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол АНУ, Франц, Их Британи, Итали, Нидерланд, Австри, Чех, Беларусь, Гүрж, Япон, Тайвань, Алжир, Мексик, Казахстан, ОХУ, БНСУ болон бусад олон орны эрх баригчид гамшгийн бүсэд аврагчдаа илгээгээд байна. 


Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Турк, Сирийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 75.6 сая орчим ам.долларын хэмжээтэй тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриаллаа.


Гамшгийн уршгийг арилгахад зориулж, Швед улс 657 000 ам.доллар, Ирланд улс 2 сая еврогийн тусламжийг Турк, Сирийн засгийн газарт үзүүлэхээр болжээ.


Түүнчлэн Австралийн Засгийн газар 10 сая австрали.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезе мэдэгдлээ. 


Мөн Шинэ Зеландын Засгийн газар 1.5 сая шинэ зеланд.долларын тусламж үзүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Крис Хипкинс Австралид айлчлах үеэрээ мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ