БАЯН-ӨЛГИЙ: Тодорхой хугацаанд морины уралдаан зохион байгуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-07 16:30:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 37 дугаар захирамжаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглов.


Мөн өвөл, хаврын байгаль, цаг агаарын таагүй нөхцөл дэх морины уралдааны үеэр үүсэж болзошгүй үр дагавар, сөрөг нөлөөг олон нийт, уяачид, эцэг эхчүүдэд цаг алдалгүй сурталчилж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх сумын Засаг дарга, аймаг, сумын Морин спорт, уяачдын холбоонд тус тус үүрэг болголоо.


Ташрамд сануулахад, өнгөрсөн онд үндэсний их баяр наадам, Буянт, Ногооннуур сумын тэгш ой, улсын заан Б.Серикийн цолны мялаалга наадам зэрэг аймгийн хэмжээний томоохон морины уралдаануудын үеэр 10 хүүхэд мориноос унаж, 2 хүүхэд хүндэвтэр, 8 хүүхэд хөнгөн гэмтэл авсан ажээ.   

Холбоотой мэдээ