Шилдэг уран бичээчдийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-07 16:07:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. инэ цас-2023" уран бичлэгийн үзэсгэлэн есөн жил завсарласныхаа дараа Монголын уран зургийн галерейд үзэгчдийн хүртээл болж байна.  

 

Үзэсгэлэнд Монголын мэргэжлийн уран бичээчдийн 50 гаруй бүтээлээс шалгаруулан шилдэг 23 бүтээлийг дэлгэжээ. Мөн тус үзэсгэлэнг анх санаачилсан уран бичлэгийн их мастер, Д. Баттөмөрийн "Уул" бүтээлийг Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс гарган үзэгчдэд толилуулж байна.

Үзэсгэлэнг зохион байгуулагч, уран бичээч Л.Түвшинжаргал хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэн уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн санаачилгаар анх 2008 оноос хойш 7 жил гарч, тодорхой шалтгааны улмаас 9 жил завсарлан энэ удаа 8 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хугацаанд уран бичээчдийн ур чадвар улам сайжирсан нь илт харагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд калиграф гэж юу вэ, монгол бичгээр хэрхэн урлах вэ гэдгийг мэргэжлийн шилдэг уран бичээчдийн бүтээлээр харуулахыг зорилоо. Сүүлийн үед уран бичээчид олширсон. Тэдэн дундаас бусдаас ялгарах онцлог, шилдэг калиграфчин хүн ямар байх вэ гэдгийг харгалзан шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан. Шилдгүүдийн үзэсгэлэнг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэв.

Тус үзэсгэлэнгийн нэгдүгээр байрт Зүүнхүрээ Дашчойлин хийдийн лам, уран бичээч М.Эрдэмбилэгийн “Миний багш” бүтээл шалгарчээ. Эл бүтээлийн цаасыг далан түрүү ургамлаар өөрөө хийснээрээ онцлогтой аж. Уран бичээч Өндөр гэгээн Занабазарын багшдаа зориулан бичсэн “Миний багш” шүлгийг монгол бичиг болон соёмбо үсгээр бичсэн байна.

Харин дэд байрт уран бичээч Б.Алтантуяагийн “Боломж” бүтээл шалгарчээ.

 Үзэсгэлэнгийн хамгийн жижиг онцлох бүтээл гэвэл уран бичээч Д.Болдгарав бичгийн их хүмүүн Б.Ринчингийн “Монгол хэл” шүлгийг шүдэнзний модон дээр бичсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. Уран бичээч Д.Болдгарав нэг ширхэг бийрний үсээр бичдэг гэдгийг зохион байгуулагч энэ үеэр тодотгож байв.


Мөн ӨМӨЗО-ы уран бичээч Цэнгэлбаярын үзгээр маш томоор бичсэн “Хос уянга” бүтээл, уран бичээч Ц.Тамирын “Жангарын эрин” зэрэг бүтээлийг дэлгэжээ.

 "Шинэ цас" үзэсгэлэн энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.









Холбоотой мэдээ