Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-02-07 14:10:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод агаарын тоосонцрын бохирдол ДЭМБ-аас зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна. Өвлийн улиралд нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ манай улсын агаарын чанарын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.3-6.8 дахин их байгаа юм.


Агаар дахь хүнд метал өвлийн улиралд харьцангуй их илэрсэн бол хөрсний хортой элементүүд зун, намрын улиралд ихээр илэрчээ. Эдгээр үзүүлэлтээс хамаарч 2022 онд олон улсын агаарын чанарын нарийн ширхэгт тоосонцрын бохирдол ихтэй газруудын жагсаалтад Улаанбаатар хот 6-д жагссан байна. Энэ талаар нийслэлийн нарийн ширхэглэгт тоосонцрын улирлаас хамаарах химийн найрлага, эх үүсвэр ба эрүүл мэндийн үнэлгээг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх- Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулах үеэр мэдээлэв.


Тус эрдэм шинжилгээний хурлыг БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, МУИС, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран 3 дугаар сарын 2,3-нд Улаанбаатар хотод болох НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны комиссын /UNESCAP/  “Цэвэр агаар” дээд хэмжээний форумыг угтан зохион байгуулсан юм.



“Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх- Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид агаарын бохирдлын чиглэлээр сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, баримт, нотолгоо, манай улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж буй технологийн шийдлийг танилцуулж, агаарын бохирдлыг багасгах бодлого, арга хэмжээний үр дүн, үр нөлөөг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүний эрхийг хамгаалах асуудалтай уялдуулан дүгнэхийг зорьжээ.


Түүнчлэн, агаар бохирдуулах эх үүсвэр улирал бүр өөр, гэр хороололд өвлийн улиралд нүүрс шатааснаас биш, агаарын бохирдол байгаль орчин, эх хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, хувийн хэвшил, өрхийн амьжиргаанд ямар хохирол учруулж байгаа, агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах хандлага, дадал зуршлыг яаж бий болгох талаар хэлэлцлээ. Мөн сайжруулсан түлшний өмнөх ба дараах үеийн эх, хүүхдийн эрүүл мэнд, бохирдлыг багасгах арга, агаарын чанар, барилгын материалаас ялгарч буй дэгдэмхий органик нэгдэл ямар түвшинд байна, эрсдэлтэй эсэх, бидний шийдэл, технологи хэр бодитой талаар оролцогчид илтгэл тавьж, санал бодлоо хуваалцлаа.

Хуралд салбарын 180 гаруй төлөөлөгч танхимаар, 40 гаруй төлөөлөгч цахимаар оролцжээ.

Холбоотой мэдээ