АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-07 11:04:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа АНУ-ын Төрийн Департаментын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч, эрхэмсэг хатагтай Узра Зеяаг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр тэд Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, үр дүнтэй танилцлаа. Хатагтай Узра Зеяа АТГ-ын үйл ажиллагааг үнэлж, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлд үр дүнтэй ажиллаж байгааг сайшаан, Монгол Улсын ардчилал, эрх чөлөөг бататгаж урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд авлигатай тэмцэх нь чухал ач холбогдолтойг дурдаад, энэ хүрээнд АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ.


Тэргүүн комиссар З.Дашдаваа АНУ-ын Засгийн газраас авлигатай тэмцэхэд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн, АНУ-ын Олон улсад хар тамхитай тэмцэх, хууль сахиулах товчоо (INL)-ны санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн талаар санал солилцов. Мөн АНУ-ын Хууль зүйн департамент, Холбооны мөрдөх товчооны нөхөрсөг хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Монгол Улсад буцаан авчрах чиглэлд хамтран ажиллаж бодит үнэн үр дүнд хүрснийг онцлов.


Хатагтай Узра Зеяа авлигатай тэмцэхэ үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэн дэмжихээ илэрхийлэн, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон тохиролцжээ. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ноён Ричард Буанган, ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга, ноён Кэлли Базби, Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн туслах, хатагтай Мэйт Хостэттэр оролцов.

 

Холбоотой мэдээ