ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-07 10:50:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Ховд аймагт энэ сарын 6-7-нд болж байна.

Энэхүү хурлыг шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй юм.

Хуралд ШУА-ийн  Биологийн хүрээлэн, Газарзүй, геэкологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Технологийн инкубатор, Хэл зохиолийн хүрээлэн, Баян-Өлгий аймаг дахь Философийн хүрээлэнгийн судлаачдаас бүрдсэн 12 хүн оролцож байна.

Энэ хүрээнд ШУА-ийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг бүс нутгийн хөгжилд ашиглах боломж, байгалийн нөөцийн химийн судалгаа, хог хаягдлын менежмент, гиробиологийн олон янз байдал бүрэлдэн тогтох тухай, биологийн төрөл зүйлийн хамгаалал, Монгол Алтайн уур амьсгалын өөрчлөлт экологид нөлөөлөх зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.

Мөн энэ үеэр инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж буй юм.  Орон нутгийн иргэд сүүний уургийн бэлдмэл, байгалийн гаралтай тос тосон бүтээгдэхүүнүүд, хуурайшуулсан бүтээгдэхүүн, эмийн ургамалтай цай зэрэг бүтээгдэхүүн, технологийг илүүд сонирхож худалдан авч байна.




Холбоотой мэдээ