Олимпод оролцох нь өөрөө нэр хүнд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-02-07 10:21:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөмбөрцгийн хамгийн том спортын цэнгүүн бол яах аргагүй Олимп. Энэ ч утгаараа олимпийн наадам үеэс үед олны анхаарлын төвд байж ирсэн. Одоо ч тийм л байна.


Олимпод оролцох нь өөрөө нэр хүнд

"Citius, Altius, Fortius" буюу " Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй" гэдэг бол олимпийн сүрлэг уриа. Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, Францын их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен энэ латин гаралтай гурван үгийг өөрийн анд, Доминиканы ширээт лам Хенри Дидоноос "зээлэн", тэр чигээр нь олимпизмийн үйл хэргийн уриа болгож, Парис~1924 олимпийн наадмаас эхлэн албан ёсоор хэрэглэж заншсан түүхтэй.


Бөмбөрцгийн хамгийн том спортын цэнгүүн бол яах аргагүй Олимп. Энэ ч утгаараа олимпийн наадам үеэс үед олны анхаарлын төвд байж ирсэн. Одоо ч тийм л байна. Учир нь, Орос, Беларусийн тамирчдыг Францын нийслэл Парис хотноо болох 2024 оны Олимпийн наадамд оролцуулахыг зөвшөөрөх тухай Олон улсын олимпын хорооны төлөвлөгөөг Польш, Латви, Литва, Эстони эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэний дараа энэ тоо нэмэгдэж 40 орчим орон эсэргүүцэх магадлалтайг Польшийн Спорт, аялал жуулчлалын сайд Камиль Бортничук мэдэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.


Украин улсын хувьд ОХУ болон Беларусийн тамирчдыг Парисын олимпод өрсөлдүүлбэл тус наадамд оролцохоос татгалзахыг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл ОУОХ “Аливаа улс орон олимпийн наадамд оролцохгүй байх нь зөвхөн “тамирчдад л шийтгэл болно” гээд “Ямар ч тамирчныг зөвхөн иргэншлийнх нь улмаас тэмцээн уралдаанаас хасаж болохгүй” гэж мэдэгджээ. Харин АНУ-ын эрх баригчид ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо төрийн далбаа, дууллаа ашиглахыг хориглохыг дэмжиж байгаа төдийгүй эдгээр орны тамирчдыг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөх ёстой гэдгээ мэдэгджээ. Тэгэхээр ОХУ-ын тамирчид Парисын олимпод өрсөлдөхийн тулд дахиад л ОУОХ-ны туган дор жагсч, алтан медаль авсан тохиолдолд ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэхгүй гэсэн үг. ОХУ-ыг Украин руу довтолсны дараа ОУОХ 2022 оны хоёрдугаар сарын сүүлчээр Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн уралдаанаас хасахыг спортын холбоодод зөвлөж байсан бол өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд шинэ зөвлөмж гаргаж, Украин дахь дайны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй тамирчдыг олон улсын уралдаан тэмцээнд төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрсөн юм. Энэ сарын 10-нд эцсийн дүн гарна.

 

Дэлхийн спортын их цэнгэл дахин мэндэлсэн нь

Монгол Улс ОУОХ-нд элссэний 61 жилийн ой энэ онд тохиож байгаа. "Инсбрук-1964" болон  "Токио-1964" өвөл, зуны олимпод анхлан хөл тавьснаас хойш Монгол нийт 29 удаа олимпийн наадамд оролцож, чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль хүртсэн түүхэн замналтай. Одоогоос 129 жилийн тэртээ буюу 1894 оны VI сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч, барон хэргэмт Пьер-де-Кубертен 31 настайдаа Парис хотноо эртний Грекийн олимпийн наадмыг сэргээж, таван тивийн улс үндэстнийг спортоор нөхөрлүүлэн энх тайван, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлэх сод санаагаа хэрэгжүүлж, Олон улсын олимпийн хороог байгуулсан түүхтэй. Тиймээс энэ өдрийг хүн төрөлхтөн нандигнан хүндэтгэж,1948 оноос олон улсын олимпийн өдөр хэмээн дэлхий дахинаа өргөн тэмдэглэдэг болсон юм. Орчин үеийн олимпийн хөдөлгөөний эцэг, эрдэмтэн П.Кубертэн өөрөө олимпийн өдрийг үзээгүй таалал төгссөн ч түүний зүрхийг эртний олимпийн өлгий Олимпия ууланд хадгалан мөнхжүүлж, гүн хүндэтгэл үзүүлжээ.


Пьер-де-Кубертений ачаар 1500 жил тасарсан эртний олимпийг сэрээж, дэлхий нийтийн хамгийн дээд цэнгэл наадмыг бидэнд бэлэглэсэн гавьяатай. Эртний Эллада гүрний Пелопонесийн хойгт орших Олимпия уулын энгэрт МЭӨ 776 онд анхны олимп зохиогдсон түүхтэй. Тухайн үед олимпийн наадам нь 5-6 сар үргэлжилж, Грекийн олон омог аймгийн эрэлхэг дайчин эрс өрсөлдөж, энэ үеэр элдэв дайн байлдаанаа зогсоож, олимпийн эвлэрлийг хатуу чанд даган мөрддөг байжээ.


Гэтэл 12 зууны турш 4 жил тутам тэмдэглэдэг байсан олимпийн наадмыг Грек орныг эзлэн түрэмгийлсэн Ромын эзэнт гүрний хаан Теодосиус гэгч манай эриний 393 онд хориглосон зарлиг гаргаснаар бөмбөрцгийн спортын их цэнгэл тасалдсан хэрэг. Гэвч ОУОХ шинээр байгуулагдаж, 1896 онд орчин цагийн олимпийн наадам Грек нутагтаа эргэн ирснээр цэнгэлийн манлайг бид үзэх болсон юм.

Нийтдээ 206 орныг эгнээндээ нэгтгэж, өвөл, зуны олимпийн наадмыг зохиодог ОУОХ нь дэлхийн I, II дайны үед 3 удаагийн олимпоо цуцалж, тэр бүү хэл, цар тахлын гайгаар "Токио-2020" наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан удаатай.


2024 оны олимпод Монголын тамирчид ямар шалгуур давж оролцох вэ?

Олимпийн эрхийн төлөөх тэмцэл энэ оноос эхэлж 2024 оны хавар гэхэд багийн бүрэлдэхүүн үндсэндээ тодорхой болно.


Бокс

Олимпийн эрхийг ямар тэмцээнээс хэрхэн олгох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй. Юутай ч ирэх ес, аравдугаар сарыг дамнан зохиогдох Азийн наадмаас манай тивийн боксчид олимпийн анхны эрхээ авна. Тэгэхээр Азийн наадмын боксын тэмцээн урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй гал гарсан тулаан болох нь гарцаагүй. Харин 2024 он гараад олимпийн эрх олгох хоёр цуврал тэмцээн зохиогдох товтой байгаа.

Буудлага

Олимпод өрсөлдөх эхний 32 эрх хэдийнэ эздэдээ хүрсэн бол дараагийн тэмцээн нь энэ оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Азербайжаны Бакуд болох ДАШТ юм. Тус тэмцээний эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид эрхээ авна. Мөн арваннэгдүгээр сард БНСУ-д болох Азийн АШТ-д эхний хоёр байрт орвол Парист цэцээ сорино. Улмаар 2024 оны Азийн АШТ эрх авах сүүлийн тэмцээн боломж нь.

Чөлөөт бөх

Чөлөөтийнхний хувьд олимпийн эрхийг гурван үе шаттай олгоно. Эхнийх нь ирэх есдүгээр сард Сербийн Белград хотноо болох ДАШТ-д эхний тавд шалгарсан бөхчүүд Парисыг зорих эрх өвөртөлнө. Медаль хүртсэн дөрвөн бөх эрхээ шууд авах бол хүрлийн төлөө барилдаад ялагдсан хоёр бөх нэмэлт нэг эрхийн төлөө халз барилдах юм. Дараагийн боломж нь олимпийн эрх олгох тивүүдийн тэмцээн. 2024 он гаргаад зохиогдох тус тэмцээний жин бүрийн эхний хоёр байрын эзэд эрхээ өвөртлөх болно. Хамгийн сүүлийн боломж нь ДАШТ-д эхний хоёр байр эзэлбэл Франц руу.

Жүдо

Эрхийн шалгуур өмнөхтэй ижил буюу жин тус бүрийн чансааг үндэслэнэ. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-нөөс олимпийн эрхийн онооны систем албан ёсоор бодогдож эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сарын 23-нд хаагдах юм. Жин тус бүрийн эхний 17-д бичигдэж буй бөхчүүд Парист зодоглоно. Одоогоор Монголын 10 бөх олимпын эрхийн бүсэд багтаж байгаа.

Дугуй

Эрх олгох гурван шат байгаа бөгөөд эхнийх нь тухайн улсын чансаа юм. 2022 оны аравдугаар сарын чансаагаар

1-5 байрт бичигдсэн орон 4 тамирчин

6-10-т байвал тус бүр 3 тамирчин

11-20-д жагсвал тус бүр 2 тамирчин

21-45-д чансаатай орнууд 1 тамирчнаа олимпод оролцуулах эрхтэй болно.

Манайх дэлхийн чансааны 35-д бичигдэж байгаа бөгөөд энэ байраа оны эцэс хүртэл хадгалж чадвал 1996 оноос хойш анх удаа дугуйн спортоор олимпын эрх авах боломжтой.

Бадминтон

Бадминтончдын Парисыг зорих тэмцэл 2023 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 2024 оны дөрөвдүгээр сарын 28-нд өндөрлөнө. Энэ хооронд зохиогдсон дэлхийн бадминтоны холбооноос баталсан тэмцээнүүдэд олимпын эрхийн оноо олгох бөгөөд ганцаарчилсан төрлийн эхний 38 байрт эрэмбэлэгдсэн тамирчид эрхээ шууд авна. Үүн дээр нэмэгдээд дэлхийн чансааны 250 дотор багтдаг тамирчдаас таван тивийн төлөөлөл тус бүр хоёр хүн, нийт 10 тамирчин нэмэлтээр эрх авах боломжтой. Парисын олимпийн бадминтоны тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн үндсэн таван төрлөөр явагдах юм.

3Х3 Сагсан бөмбөг

Олимпын наадмын хөтөлбөрт хоёр дахь удаагаа багтаж буй 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман шилдэг баг өрсөлдөнө. Эрх авах анхны шалгуур нь дэлхийн чансаанд эзэлж буй байр. 2022 оны арваннэгдүгээр сарын чансааны эхний гуравт жагсаж буй багууд эрхээ авах учиртай. Одоогоор манай эрэгтэй шигшээ дэлхийн чансааны 5-д, эмэгтэйчүүд 11-т бичигдэж байна. Гэхдээ эхний гуравт жагслаа гээд шууд олимпийн эрх авна гэсэн үг хараахан биш. Зохион байгуулагч орон эрэгтэй, эмэгтэй багийнхаа аль нэгийг шууд оруулах эрхтэй учир тухайн хүйсийн багаас нэг эрх хасагдана. Харин үлдсэн 10 эрхийн төлөө багууд гурван удаагийн цуврал тэмцээнд хүч сорих юм.

Хүндийг өргөлт

Олимпийн наадамд нэг улс аль нэг хүйсийн таван жингийн гуравт нь л тамирчнаа оролцуулах боломжтой. Эрхийн оноог тооцохдоо чансаа өндөр долоон тэмцээний үзүүлэлтийг харгалзана. Эдгээр тэмцээн нь 2022, 2023 оны ДАШТ, 2023, 2024 оны тивийн АШТ, 2023 онд зохиогдох хоёр гранпри болон 2024 оны Дэлхийн цомын тэмцээн юм. Эдгээр тэмцээнд өргөсөн үзүүлэлтээр нь эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт 10 эрх олгоно.


Ингэж манайхан Парисын олимпод өрсөлдөх боломжтой болно. Эцэст нь дурдахад, ОУОХ-г үүсгэн байгуулагч П.Кубертений хэлсэнчлэн “Түрүүлэхдээ бус оролцохдоо” гэдэг ишлэл шиг олимпод өрсөлдөнө гэдэг өөрөө нэр хүндийн асуудал юм.

 

                                                                        

Холбоотой мэдээ