Хөгжлийн банканд хийсэн шалгалт, аудитын дүгнэлтийг шинжлэн судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-06 14:58:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өнөөдөр эхэлсэн.


Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй. Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд оролцуулахаар урьсан албан тушаалтнууд бүгд өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн хуулийн дагуу төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөллийг урьж оролцуулах зохицуулалтын дагуу "Цогц" хөгжлийн үндэсний төв, Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, mpa.mn зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж. Мөн Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд оролцох бөгөөд тус банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодном, “Ди Би эм ассет менежмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат нар уригдан оролцож байна. Энэ өдрийн сонсголд нийт 63 гэрч, эхний асуудалтай холбогдуулан 31 гэрч дуудагдсан байна.


Сонсголоор эхлээд Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэнэ. Дараа нь Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүд буюу АСЕМ-ын автобусны түрээс, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Баруун Баян Транс ХХК, МСМ групп ХХК, Жамьяан пайтан ХХК, Түмэнжинчин ХХК, Сопрэмакс ХХК, Дарханы арьс ширний цогцолбор ОНӨХХК, МПМ ресурс ХХК, Засагт хаан ХХК-д олгосон зээлүүдийн асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлах юм. Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх гурав дахь багц асуудал нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн байх аж.


Түр хорооны хоёр дахь шатны сонсгол гурван өдөр үргэлжлэх бөгөөд ирц эхний өдрийнхөөрөө тооцогдоно. Тус түр хорооны гишүүд шинжээчийн дүгнэлт болон сонсголд дуудагдсан гэрчүүдээс асуулт асууж, хариулт тайлбар авч байна.

Холбоотой мэдээ