Монгол Улс авлигын индексээр 116-д бичигдэж, авлига өсөж буй 10 орны нэг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-31 15:13:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр авлигын индексын оноо нь эрчимтэй багассан, авлига өсөж буй 10 орны нэгээр бичигджээ.


Ингэснээр манай улс авлигын индексээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт гэдгийг “Транспэрэнси Интэрнэшнл Монгол ТББ мэдээлэв.


Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг үнэлгээг зарлахдаа байр суурь, санал асуулга, нотлох баримтаар судалгаа явуулдаг байна. 2016 онд 176 улсыг хамруулсан бол сүүлийн 5 жилд 180 улс хамрагджээ. Авлигын индексийг тогтоохдоо дэлхий дахинд 16, Монгол Улсад 8 эх сурвалж ашигладаг. АТИ нь улс орны засаг төрийн байгууллагын авлигын төсөөллийг 0 /маш их авлигатай/-ээс 100 /маш цэвэр/ оноогоор эрэмбэлсэн бөгөөд манай улс 33 оноо авчээ. Монгол Улс авлигын индексээр 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаарт, 2018 онд 93 дугаарт, 2019 онд 106 дугаарт, 2020 онд 111 дүгээрт, 2021 онд 110 дугаарт, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдлээ.


Авлигын индекст улсын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг хэрэгжүүлж буй эсэх, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтанд хариуцлага тооцсон байдал, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлчийг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэт асуудлыг хамааруулдаг аж


Монгол Улсын хувьд авлигын индексийн үзүүлэлтэд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал болсныг Транспэрэнси Интэрнэшнл Монгол ТББ-ын тэргүүн Л.Төр-Од тодотгоод, улс төрийн намын тухай хуулийг өдий хүртэл шинэчлээгүй, намууд нь авлигын гол үндэс суурь болон хувирсан нь авлигын индексийн оноонд сөргөөр нөлөөлсөн гэлээ. Авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэргийг шийдэхгүй удаашруулдаг. Иймд авлигын хэргийн төрөлжсөн шүүх, дагнасан мөрдөгч, шүүгч прокурор хэрэгтэй, мөн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлага мэдүүлдэг тогтолцоо шаардлагатайг тэрбээр онцолсон юм.


Түүнчлэн, авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах тухай, Олборлох салбарын ил тод байдлын тухай хууль болон манай улсын авлигын эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагыг Компанийн тухай хуулиар зохицуулж, төр, орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчин бий болгох хуулийг батлаагүй нь авлига өсөж буй 10 орны нэгээр бичигдэхэд нөлөөлжээ.


“Нийгэм, эдийн засгийн шилжилтээс хойш 30 гаруй жилд улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг нөхцөл үргэлжилж, улс төрд нөлөөтэй бүхэн өөртөө давуу байдал бий болгож ирсэн нь авлигыг даймжруулсан. Энэ нь Засгийн газрыг авлигатай тэмцэх шаардлагыг бий болгосон. Урт хугацаанд үргэлжилсэн хямрал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх нь Монгол Улсын хувьд хүнд боловч нэн шаардлагатай зүйл. Засгийн газрын хэрэгжүүлсэн ажил нь гажуудал хэвшсэн нөхцөл байдалд богино хугацаанд үр дүн харагдахгүй ч тууштай, урт хугацаанд үр дүнд хүрэх боломжтойг Л.Төр-Од тэмдэглэв.


                                Дэлхий дахины 2022 оны авлигын индексийн онцлох үзүүлэлтүүд

Дэлхий дахинд өнгөрсөн онд авлигатай тэмцэхэд дэвшил гараагүй, АТИ-ийн дундаж 43 оноо нь 11 дэх жилдээ өөрчлөгдөөгүй байна. Нийт улс орны гуравны 2 нь 50-иас доош оноо авч тэдгээр улсад авлига хүндхэн сорил бэрхшээлтэй байгаа. Тухайлбал, Өмнөд Судан /13/, Сири/13/, Сомали/12/ байгаа нь удаан хугацаанд үргэлжилсэн дотоод мөргөлдөөнтэй холбоотой юм.


2022 оны хувьд 26 улс тэр дундаа Катар /58/, Гватемал /24/, Их Британи /73/ нь түүхэндээ хамгийн доод оноог авчээ. Харин Дани Улс энэ жилийн индексийг 90 оноо авч тэргүүлэн, Финлянд, Шинэ Зеланд Улс 87 оноотойгоор удаалав. Дэлхийн Энх тайвны нндексийн үзүүлэлтээр сайн ардчилсан инститүц буюу байгууламж болон хүний эрхийн хамгаалан дээдэлдэг нөхцөл байдал нь эдгээр улс орныг дэлхийд авлига хамгийн багатай тайван улс болгож байна.


2017 оноос хойш 10 улс орнуудын хувьд АТИ-н оноо нь мэдэгдэхүйц буурсан улсууд:

Люксембург /77/, Канад /74/, Их Британи /73/, Австрали /71/, Малайз /47/, Монгол /33/, Пакистан /27/, Хондурас /23/, Никарагуа /19/, Хаити /17/.


Харин өнгөрсөн 5 жилд 8 улс орны хувьд АТИ-н оноо сайжирчээ. Тодруулбал: Ирланд /77/, Өмнөд Солонгос /63/, Армени /46/, Вьетнам /42/, Мальдив /40/, Молдав /39/, Ангол /33/, Узбекистан /31/.


АТИ судалгаанд хамрагдсан 180 улсын 95 хувийнх нь авлигын түвшин бага зэрэг буурсан, зарим бүс нутагт өссөн бол Скандинавын улс оронд авлигын индекс бага болжээ. Түүнчлэн авлигажсан улс оронд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгааг судалгааны үр дүн харуулсан. Харин Вьетнам, БНСУ нь авлигаа тогтвортой бууруулж чадсан. Тэд бизнес олигархи бүлэгтэйгээ тэмцэж, хариуцлага тооцдог болсныг Трэнспэрэнси Интэрнэшнл Монгол ТББ-ын тэргүүн Л.Төр-Од тэмдэглэлээ. 

Холбоотой мэдээ