БАЯНХОНГОР: Ойн зурвасыг бүрэн моджуулж, 30 мянган мод бутыг тордон ургуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-31 09:28:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сум ойн зурвастаа 2021 онд 5 төрлийн 13 мянган мод, 2022 онд намрын мод тарилтаар 10 мянган ширхэг улиас мод тарьснаар аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, нийт 30 мянган мод тарьж арчилгаа тордолгоог хийж байна. 

2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 9.8 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй, 33.6 хувь нь хүчтэй, 54.7 хувь нь дунд зэрэг өртжээ. Салхины хамгаалалт буюу ойн зурвасыг 5-10 эгнээ мод тарьж бий болгон, салхины урсгалын хурдыг 15 м хүртэл зайд 80 гаруй хувиар бууруулах боломжтой болдог байна. Тиймээс аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, мод бутыг бүрэн ургуулснаар цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, элсний нүүдлийг сааруулах, хүчтэй салхины сөрөг нөлөөллийг бууруулахад онцгой үүрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна.

Баянхонгор сум элсний нүүдлийг сааруулах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн хотын хойноос баруун хэсэг хүртэлх таван км зурваст зургаан төрлийн 20 гаруй мянган мод тарьсан байна. Мөн усалгааг шийдвэрлэж усалгааны системүүдийг суурилуулж ойн зурвасыг моджуулах ажил үе шаттайгаар хийж иржээ.



Холбоотой мэдээ