ГОВЬ-АЛТАЙ: Бизнес эрхлэгчид Нарансэвстэйн боомтыг нээхийг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-30 14:21:55

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар албаны бусад төлөөллийн хамтаар худалдаа бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчидтэй "Алтайн хөгжлийн шийдэл гарц" сэдвээр зөвлөлдөв.

Тодруулбал, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нэгдүгээр сарын 28-нд Есөнбулаг сумын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, “Алтайн хөгжлийн шийдэл гарц”  сэдвээр зөвлөлдлөө. Энэ удаагийн уулзалтад аймгийн удирдлагууд, Есөнбулаг сумын ЗДТГ-ын төлөөлөл, албан байгууллага, агентлагийн дарга нар, 200 гаруй бизнес эрхлэгч оролцсон тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат Говь-Алтай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж буй онцлох ажлууд, 2023 онд улс, орон нутгийн төсвөөр хийх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг танилцуулав. Харин үүний дараа аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цаг үеийн асуудлаар болон “Алтайн малчдын түншлэл-88” төслийн явцын талаар мэдээлэв. Тэрээр хэлэхдээ:


-Төсвийн зарлагаа орлогоороо нөхөж чаддаггүй, төв сууринаас алслагдмал манай аймгийн тухайд бизнес эрхлэгч нар малчдынхаа зөв жишиг дээр тулгуурлан өөрсдөө нэгдэж, хувьцаат компани байгуулан битүү захтай болох нь халуунд халж, хүйтэнд хөрж, эрүүл мэндээрээ хохирохгүй байх давуу талтай. Ихэнх бизнес эрхлэгчид хэн нэгэнд түрээс төлж үйл ажиллагаа явуулдаг. Түрээсэнд өгч байгаа мөнгөөрөө өөрсдөдөө хөрөнгө оруулж, үл хөдлөх хөрөнгөтэй болох нь ирээдүйдээ оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. Та бүхнийг нэгдэж битүү зах байгуулахаар шийдвэл бидний зүгээс газрын асуудлыг шийдвэрлэж, гадна тохижилтыг хийж өгөх болно” хэмээн мэдэгдлээ. 


Бизнес эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүдийн зүгээс аймгийн Засаг даргын гаргасан санаачилгыг дэмжиж, цаг алдалгүйгээр ажлын баг байгуулан, битүү захын барилгын ажлаа эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол зарим иргэдийн хувьд битүү зах гэхээс илүүтэйгээр үйлчилгээний төв байгуулж, худалдаа, хоол үйлдвэрлэл, оёдол, гутал засвар гэх мэтчилэн бүх үйлчилгээг нэгэн дээвэр дор төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ. Мөн Нарансэвстэйн боомтыг нээж, импорт, экспортын дөт замыг бий болгох нь үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэх, иргэдийн амьдрал ахуй сайжрах, аймаг орон нутаг хөгжих шийдэл гарц мөн гэж үзэж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ