ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ:СЭЛЭНГЭ:Дэлхийн стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэнэ

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2023-01-23 16:07:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Алтанбулаг суманд Сэлэнгэ үүлдрийн үхрийг цэврээр нь үржүүлж байна. Энэхүү үүлдэр нь Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон, нутагшсан махны чиглэлийн гэдгээрээ давуу юм.


Дээрх сумд энэхүү үхрийг өсгөснөөр Олон улсад хүлээн зөвшөөрсөн чанар стандартад нийцсэн мах бэлтгэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах, цаашлаад гадаадад экспортод гаргах зорилготой юм.  


Түүнчлэн эл үүлдрийг үржүүлснээр Сэлэнгэ үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх. Мөн стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.


Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг, 18 сартай охин шүдлэн 400-450, үнээ 500-550 кг, бүх 800-900 кг жин татдаг бөгөөд энэ тугалыг хагас дулаалгатай энгийн байдлаар бойжуулдаг аж.   

Сэлэнгэ үүлдрийн онцлог нь Монгол үүлдрийн үхрийн тэсвэрт чанар, бэлчээр ашиглах чадварыг болон Казахын цагаан толгойт үүлдрийн үхрийн биеийн жин, өсөлтийн давуу байдалтай хослуулан удамшуулж чадсанд байдаг байна.   


Эл үхэр нь махны хэвшлийг бүрэн хадгалсан, гуя хонгоны махны дүүргэлт сайн, булчин махны хөгжил жигд, цээж бөгс тэнцүү, нядлагын гарц, жингээр махны төрөлжсөн үүлдэртэй ойролцоо аж. Мөн сүүлэг шинжээрээ эхлээр бойжиж байгаа тугалын өсөлтийн эрчмийг бүрэн хангаж чаддаг байна.


Сэлэнгэ үүлдрийн тугал нь 25-30 кг жинтэй төрөх бөгөөд эхлээр бойжуулж, эхээс ялгах үед эр нь 265-330 кг, охин нь 240-280 кг жин татдаг гэнэ. Зүсний хувьд их бие нь хүрэн улаан, улаан, ягаан, дух, омруу, хээлүүр, шилбэ, сүүлний үзүүр цагаан, хамрын толио цайвар бор байдаг байна.


Өндөр ашиг шимт “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг бий болгохын тулд Монгол Улсын гавьяат зоотехникч Т.Дамдиндорж тэргүүтэй, Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарын эрдэмтэд 30 жилийн хөдөлмөрөө зориулсан байдаг. Эдгээр эрдэмтэд Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйг түшиглэж энэ үүлдрийг бий болгосон байдаг. Тэртээ 1952 онд ЗХУ-аас цэвэр Герефорд үүлдрийн 30 бух, 40 дөнж авчирснаар үржил селекцийн ажил эхэлжээ. Улмаар “Казахын цагаан толгойт” гэж нэрлэгдэх шинэ үүлдрийг гарган авсан ч төдийлөн монгол орны цаг уур, бэлчээрийн орчинд тохироогүй байна. Иймээс дараа нь “Ингэттолгойн” САА-д мал зүйч байсан Д.Дамдиндорж, н.Сүхбаатар, болон эрдэмтэн Р.Жавзмаа нар энэ ажлыг 30-аад жил үргэлжлүүлж, “Казахын цагаан толгойт”-ыг нутгийн Монгол үнээтэй хоёр дахь үеийн эрлийзжүүлэгт оруулсанаар “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг гарган авчээ.  


Эдүгээ Сэлэнгэ үүлдрийн үхэр нь Монгол орны байгаль цаг уур, бэлчээрт 100 хувь дасан зохицсон, мах сүүний өндөр ашиг шимтэй, зудад тэсвэртэй, Сэлэнгэ нутгийн Монгол үхэр болж чаджээ. Энэ ч утгаараа Сэлэнгэ нэрийг дэлхийд гаргаж чадах органик мах, махан бүтээгдэхүүний гол салбар болоод байна.  


“Сэлэнгэ үүлдрийн гол онцлог нь Монгол орны цаг уурын нөхцлийг генийн түвшинд давж чадсанд байдаг” хэмээн мал зүйч Д.Дамдиндорж гавьяат өгүүлсэн байдаг.  



Холбоотой мэдээ