Ээжүүдийн төлөөлөл амьжиргааны түвшин тооцоолох аргачлалыг эргэж харах шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбогдуулан ээжүүдийн төлөөллөөс ХНХЯ, ҮСХ-нд айл өрхийн амьжиргааны түвшинг тооцох аргачлалд алдаа гаргасан гэж үзэн шаардлага хүргүүллээ.
Тодруулбал, өрхийн сарын орлогыг бохироор тооцсоноос гадна өр
зээл, орлогын харьцааг харгалзаагүй, бодит амьдралд нийцэхгүй судалгаа гаргаснаар
олон хүүхэд мөнгөн халамжаас хасагдаж байгааг шүүмжлэв.
Ээжүүдийн төлөөлөл А.Дөлгөөн ярихдаа, “ҮСХ-ноос гаргасан аргачлал
алдаатай байна. Өрхдөө ганцаар орлого олдог надтай адил 1000 гаруй ээж нэг
өдрийн дотор хандлаа. Тэдний нөхцөл байдлыг уншихад жинхэнэ зорилтот бүлэг
байсан. Халамж хүрэх ёстой хүндээ очихгүй байгаа нь орлогыг орлуулан тооцоолох
аргачлалын алдаанаас болсон. Өрхийн зарлагыг нь тооцож чадахгүй бол
зээлийн мэдээллийн санг тусгаж өгөхийг хүсэж байна. Ипотекийн зээлтэй, өмчлөх,
захиран зарцуулах эрхгүй, банкны эзэмшилд байгаа хөрөнгийг тооцож байгаа нь
шударга бус. ҮСХ, ХНХЯ зэрэг төрийн арваад байгууллагын хамтарсан ажлын хэсэг
хагас жилд өчнөөн тэрбум төгрөг төсөвлөж судлахдаа ийм аргачлал боловсруулсанд
харамсаж байна. Мянга гаруй өрхийн олонх нь хөдөлмөрийн хөлсний орлогоороо амьдарч, үнэнчээр татвар төлдөг айлууд байна. Хувийн бизнестэй, татвар бага
төлдөг нь 91 хувьд орж байна. Нийгмийн даатгалд суурилсан орлогоос болж хасагдсан” гэлээ.
-Мэдээллийн санд таны өрхийн орлогыг жилд хэдэн төгрөг гэсэн
бэ, мэдээллээ засуулсан уу?
-Мэдээллийн санд миний орлого 30-40 сая төгрөг гэж гарсан нь алдаа. Даатгуулагчийн цалинг бохир дүнгээр тооцсон байна. Бид хүн
амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал,
зам ашигласны татвар хүртэл төлдөг. Яагаад цалингийн цэвэр дүнг тооцохгүй байгаа
юм бэ? Бид худалдан авалт хийх бүрдээ бараа бүрд 10 хувийн татвар
төлдөг. Гар дээр ирж байгаа цэвэр дүнг тооцохгүй байгаа тул энэ аргачлал бодит
амьдралд нийцэхгүй байна.
-Шаардлагад хэчнээн өрх нэгдсэн бэ?
-Сүүлийн хоёр хоног өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэхэд
мянга гаруй ээж надтай холбогдож нөхцөл байдлаа бичиж явуулсан байгаа. ҮСХ-ны дарга
Б.Батдаваа таныг бүгдийг нь уншаасай гэж хүсэж байна. Гол нь орон нутагт шат
шатны төрийн байгууллагууд бүх шатанд ажлаа хийж чадахгүй
байна.
Өрх толгойлсон ээж Б.Алтанцоож: -"Би 2 хүүхэдтэй.
Том нь 20 хүрчихсэн. Таны цалин бага хүүхдэд чинь хүрэлцэнэ гэж тооцоод ингэж гаргасан. Мэдээллийн санд зөрүү байхгүй. Миний орлогыг 10-20 сая гэсэн нь сувилагчийн л цалин. Нэг байшин, машинтай. Мэдээллийн
сан зөрүүгүй болохоор хандах
газар байхгүй. Чинээлэг 9
хувьд нь орсондоо итгэхгүй байна" гэлээ.