Кино шүүмжлэгчид оны шилдэг киног нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-01-16 15:22:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ, Канадын кино шүүмжлэгчдийн холбооноос олгодог “Шүүмжлэгчдийн сонголт” (Critics’ Choice Awards) шагналыг "Everything Everywhere All at Once" кино хүртлээ. 


Найруулагч Дэн Кван, Дэниэл Шайнер нар абсурд комеди, шинжлэх ухааны зөгнөлт, тулааны урлаг, уран зөгнөлт, хүүхэлдэйн киноны элементүүдийг хослуулсан энэхүү киноныхоо зургийг АНУ-д авчээ. Уг киногоороо тэд “Шилдэг найруулагч” төрөлд кино шүүмжлэгчдийн шагналыг хүртсэн байна. 


Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг Брендан Фрейзер “The Whale” кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ. Энэ кинонд тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ эргэн нийлэхийг хичээж буй илүүдэл жинтэй профессорын дүрийг бүтээсэн байна. Харин шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд “Tar” кинонд бүтээсэн дүрээрээ Кейт Бланшетт шалгарчээ. Америкийн найруулагч Тодд Филдийн бүтээсэн уг кинонд хөгжимчдийнх нь нэг нь амиа хорлосны дараа амжилттай амьдрал нь аюулд орж байгаа, Берлиний Филармонийн найрал хөгжмийн удирдаач Лидия Тар гэдэг эмэгтэйн тухай өгүүлэг байна. 


Кино шүүмжлэгчид гадаад хэлээрх шилдэг киногоор Энэтхэгийн найруулагч С.С.Ражамулигийн "Rise Roar Revolt" киног нэрлэжээ. 


"Шүүмжлэгчдийн сонголт" шагналыг АНУ, Канадын кино шүүмжлэгчдийн холбооноос олгодог. Энэхүү мэргэжлийн холбоо нь 250 гаруй хүний ​​бүрэлдэхүүнтэй бөгөөд Хойд Америкийн кино шүүмжлэгчдийн байгууллага дундаа хамгийн томд тооцогддог байна.

Холбоотой мэдээ