THAAD-ыг байрлуулахыг дэмжиж байгаагаа “Сэнури” нам илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-30 12:39:28

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-д үйлдвэрлэсэн, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолборыг Өмнөд Солонгост байрлуулах төлөвлөгөөг дэмжиж байгаагаа Өмнөд Солонгосын эрх баригч “Сэнури” нам өнөөдөр албан ёсоор илэрхийлээд “энэ системийг байрлуулах нь Пхеньяны цөмийн болон пуужингийн аюул заналхийллээс улс орноо хамгаалахын тулд Сөүлийн хийж чадах хамгийн боломжит алхам юм” гэжээ.

THAAD буюу баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолборыг 2017 оны эцэс гэхэд Солонгосын хойгт байрлуулж дуусгах төлөвлөгөөг тус намаас сонгогдсон хууль тогтоогчид санал нэгтэйгээр дэмжсэн байна. Харин тус улсын сөрөг хүчнийхэн уг төлөвлөгөөг эсэргүүцсээр байгаа аж.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г дэмждэг гишүүдээс голдуу бүрдсэн “Сэнури” намын удирдлага THAAD-ыг байрлуулах төлөвлөгөөг дэмжсээр ирсэн юм. Харин тус нам албан ёсоор байр сууриа илэрхийлсэн нь Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн THAAD-ыг байруулах хүчин чармайлтад дэмжлэг болох нь ойлгомжтой.

THAAD-ыг байрлуулахыг дэмжихийг олон нийт болон улс төрийн намуудад хандан Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Пак сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд удаа дараа уриалсан юм. Тэрбээр хэлэхдээ “энэ бол улс орон, ард түмнээ хамгаалахын тулд зайлшгүй авах ёстой арга хэмжээнүүдийн нэг мөн” хэмээн онцлон дурджээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ