Үр хөврөлийн генийг өөрчилсөн хэргээр шийтгүүлсэн эрдэмтэн судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-01-13 14:41:16

МАДРИД. /El País/. Хятадад генийг нь өөрчилсөн үр хөврөлөөс ихэр хүүхэд төрүүлэх хууль бус туршилт хийсэн хэргээр ял шийтгүүлсэн ген судлаач Хэ Зянькуй шинжлэх ухааны судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухайгаа тэрбээр Испанийн “El País” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 


“Бүх зүйлийг хэтэрхий хурдан хийсэн гэдгээ би ойлгосон. Миний дараагийн судалгаа бүгдэд ил тод, нээлттэй байх болно. Мөн бидний ажлыг олон улсын эрдэмтдийн баг шалгана” гэж Хятадын ген судлаач хэлсэн байна. 


Шоронгоос хэдийнээ суллагдсан Хэ Зянькуй Бээжинд оффис түрээсэлсэн тухайгаа ярьжээ. Тэнд тэрбээр ашгийн бус шинэ байгууллагадаа хоёр ажилтантай ажиллаж байгаа аж. 


Түүний байгууллага “үр хөврөлийн биш харин хүүхэд, насанд хүрэгчдийн” генийн өвчнийг эмчлэх гэнэ. Тэрбээр мөн судалгааны ажилдаа тэрбумтнуудаас 137 сая орчим еврогийн хандив босгохоор төлөвлөж байгаагаа хуваалцжээ. 


2019 оны 12 дугаар сард Хятадын  өмнөд нутгийн Шэньжэнь хотын шүүхээс Хэ Зянькуйд генийг нь өөрчилсөн үр хөврөлөөс ихэр хүүхэд төрүүлэх хууль бус туршилт хийсэн хэргээр гурван жил хорих ял оноож, 3 сая юанийн /422.5 мянган ам.доллар/ торгууль ногдуулсан юм. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, 2016 онд тухайн үед Шинжлэх ухаан, технологийн өмнөд их сургуулийн доцент байсан тэрбээр арилжааны ашиг олох зорилгоор хүний генийг өөрчилсөн болох нь тогтоогджээ. 


Эрдэмтэнд хоёр хамтран зүтгэгч нь тусалсан байна. Тэд ХДХВ-ийн халдвартай эрчүүдтэй гэрлэсэн хэд хэдэн эмэгтэйг сонгон авч, туршилт нь ёс суртахуун-ёс зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа тухай баримт бичгийг хуурамчаар үйлдэн туршилтыг хууль ёсны дагуу явуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, тэднийг төөрөгдүүлжээ. Судлаачид “CRISPR-Cas9” генийг засварлах аргыг ашиглан үр хөврөлийн ДНХ-г өөрчилсөн байна. 


2018 оны 11 дүгээр сарын 8-нд Хятадын эрдэмтэн ДНХ-г нь өөрчилсний дүнд ХДХВ-ний халдварыг эсэргүүцэх чадвартай хүүхдүүд төрсөн гэж мэдэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм. 

Холбоотой мэдээ