МИАТ: Өвлийн жуулчлалыг дэмжин 30 хувийн хөнгөлөлттэй үйлчилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-01-11 17:36:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр манай улсад ирэх гадаадын жуулчид 30 хувийн хямд үнэтэй тийзээр зорчих боломж бүрдэж байна.


Энэ нь Засгийн газраас зарлаад буй Монгол Улсад зочлох жилийн хүрээнд гадаад улсаас ирэх жуулчдыг урсгалыг нэмэгдүүлэх зорилготойг МИАТ ТӨХК-ийн Бизнес удирдлагын газрын захирал Н.Батдарь хэллээ. Ялангуяа өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор тусгай тарифыг аялал жуулчлалын компани, ААН-үүдэд санал болгож байна гэв. Тодруулбал, энд улирлын болон багц аяллын хоёр ангиллын тариф багтжээ. Үүнд:

  • зорчигчийн тусгай тариф,
  • аялал жуулчлалыг дэмжих групп зорчигчийн тусгай тариф. Эдгээр нь зөвхөн гадаадын жуулчдад үйлчлэхийг МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

МИАТ ТӨХК 2020 оноос эхлэн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор групп жуулчдад зориулсан тусгай хөнгөлөлтийн тарифыг гарган мөрдөж ирснийг тус компанийн Маркетингийн хэлтсийн Зорчигчийн борлуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гүрбадам хэллээ. Үүнийгээ үргэлжлүүлэхийн дээр өвлийн аялал жуулчлалыг мөн дэмжих зорилгоор хялбарчилсан, хөнгөлөлттэй тариф гаргасан байна. Үүний нөхцөл нь энгийн тарифаас хөнгөлсөн, 30 орчим хувийн хямд байгаа аж. Энэ нь аялал жуулчлалын уламжлалт болон тусгайлсан үйл ажиллагаанууд буюу эвент арга хэмжээнд ирж буй зорчигч жуулчдад зориулагджээ.


МИАТ компани өвлийн аялал жуулчлалыг дэмжин гадаадаас ирэх жуулчдын тийзийн үнийг буурууллаа.



Өнөөдрийн үйл ажиллагааны талаар Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөрөөс тодруулбал, “Манай улс нэг сая жуулчин хүлээн авлаа гэхэд 6-9 дүгээр сар хүртэлх зуны улирлын 4 сарын хугацаанд бүрэн хүлээн авах нөхцөл хязгаарлагдмал байдаг тул зуны бус улирлыг бүрэн ашиглаж аялал жуулчлалаа дэмжих хэрэгтэй байгаа"-г хэллээ.


Мөн төр, засгаас саяхан батлан гаргаж зарлаад буй эвент арга хэмжээний хуанлигаар тооцоход сар бүр 2 үйл ажиллагаа зохион байгуулахаар байгаа. Үүнтэйгээ уялдуулаад манай улсад ирэх жуулчдын боломжийг хангаж өгөх дараагийн ажил хүлээгдэж буйг тэрбээр хэллээ. Үүнд:

  • Өвлийн улирлын аялал жуулчалын тусгай тарифыг гаргаж ирснээр бүтэн эргэлт явагдаж боломжтой болно,
  • Мөн аялал жуулчлалын компаниуд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бэлэн байх явдал гэв.

Тодруулга: "МИАТ" ТӨХК Н ангиллын тарифаар зөвхөн өвлийн улиралд (010CT-30APR) үйлчилнэ. Энэхүү ангилалд:

  • Хамгийн багадаа 4 хүнтэй байх,
  • Зөвхөн гадаадын жуулчдад үйлчлэх,
  • Нэг нислэгт худалдах суудлын тоог тогтоож (энгийн суудлын 30 хувь буюу 45 суудал байхаар) байна. 
Холбоотой мэдээ