ӨМНӨГОВЬ: Сангийн далай хийд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-13 10:49:12

Өмнөговь /МОНЦАМЭ/   Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Сангийн далай хэмээх газрын гүнээс оргилон бургилах рашаан булгийн хойд эхэнд байрлах 310 гаруй жилийн түүхтэй Сангийн далай хийдийн тухай та бүхэнд хүргэж байна.


Хийдийг Энх-Амгалангийн 45-р он буюу 1707 оны зул сарын 25-ны өдөр Засаг Ваанчигийн үед Үйзэн Саарав гэлэн тэргүүтэй шашны зүтгэлтнүүд Далай эх буюу Сангийн далай хэмээх хийдийн шавыг тавьж байжээ. Харин Манж чин улсын хаанд тус хийдийг өргөн мэдүүлж 1708 онд "Шашныг хөгжүүлэгч сүм" хэмээх нэрээр шагнуулж, 1772 онд Цогчин дуганыг барьж Энх-Амгалангийн хаалга хийлгэн Рашчойнхордамбадаржаалин хэмээн нэрлэжээ.


Хийдийн үйл ажиллагааг 1707 оноос 1937 оны хооронд буюу 229 жилийн туршид дөрвөн хамба лам удирдан явуулж, эрдэм номтой олон лам, хуврагуудыг сургаж шашны үйл хэргийг амжилттай мандуулж байжээ. Сангийн далай хийд нь 94х98 хэмжээтэй хөх тоосгон хэрмэн хашаатай. Чогчин, Дүйнхор, Хайлан, Жүд, Сахиус, Гүнгэрэг, Дооров, Ядам зэрэг 11 сүмтэй, 13 жастай, суурин болоод явуулын 300 гаруй лам хуврагтай, 8 дацантай говь нутгийн томоохон хийд байсан бөгөөд Хятад, Улиастай, Да Хүрээ орох зам дагуу оршдог олны хөлийн мөргөлийн хийд байжээ.


Хийдийн дуганууд тоосгон намхан дээвэртэй, ил гарсан яс моднуудад цэцгэн хээг ухаж сийлсэн, хөх тоосгон ханатай, урагш харсан хаалгатай. Хойд талын жижиг дуганууд тэг дөрвөлжин хэлбэртэй дээвэргүй, гол дуган нь бусад барилгаас өвөрмөц хийцтэй. Хана нь дээд хэсгээрээ давхар хүрээтэй, хүрээ нь хагас алхан хээтэй, дотор нь соёмбо үсгийг товойлгон эгнүүлж хүрээний гадна талд бадаар дэвсгэр хүрээ тавьсан байдаг байна.


Дуганы залгаа урд талын үүдэн саравчны гаднах тулгуур баганыг монгол гэрийн унины хэлбэртэйгээр, цэцгэн болон үүлэн хээгээр чимэглэсэн байдаг. Зүүн талын дуган нь 3 залгаа үе бүхий, хойд талын байшин нь намхавтар оройтой бол дундах байшингийн дээвэр нь тэгш, хананд нь соёмбо бүхий хээ чимэгтэй. Энэ хийдийн дугануудын хананы чимэглэлд соёмбыг өргөн хэрэглэснээрээ монгол нутаг дахь бусад сүм хийдээс өвөрмөц онцлогтой.


Монгол Улс орон даяар 1937 оноос өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн үеэс өнөөг хүртэл тухайн үеийн дүр төрхөөрөө үлдсэн цөөхөн дурсгалт сүм хийдийн нэг билээ.

Холбоотой мэдээ