«Аватекс-кайнар» ХХК хонины ноосыг 400-600 төгрөгөөр авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-29 21:28:53

Баян-Өлгий аймгийн «Аватекс-кайнар» ХХК хонь, тэмээний ноос хүлээн авсаар байна.

Баруун аймгуудаас тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр дамжин ноос ирсээр байна. Одоогийн байдлаар тэмээний ноос 200 тонн, хонины ноос 400 тонн хуримтлагдлаа. Увс, Ховд аймгуудаас ихэнх нь ирээд байна.

Харин Баян-Өлгийгээс 700 тонн ноос ирэх боломжтой атлаа дөнгөж жаран тонн ирсэн байна. Бодвол Ноосны холбооны гишүүн бус этгээдэд ялимгүй өндөр үнээр өгч байгаа бололтой. Тус компани хонины кг улаан ноосыг ноднин 200 төгрөгөөр авч байсан бол одоо 400 төгрөгөөр, цагаан ноосыг 600 төгрөгөөр, хурганы ноосыг 500, тэмээний ноосыг 3500 төгрөгөөр авч байна. Тус байгууллагад 40 орчим итгэмжлэгдсэн төлөөлөгчид ажиллаж байна. Хонины ноосыг тэдэнд өгч баримтжуулсан нөхцөлд үнээс нь гадна улсаас мянган төгрөгийн урамшуулал авна. Ирсэн ноосыг сайн шалгаж, ялзарсан, усанд ноорсон ноосыг хүлээж авдаггүй ажээ. Авсан ноосныхоо дөчин хувийг зохих төхөөрөмжөөр самнан ноолуур гаргаж гадаадад гаргадаг. Улаан ноосноос цайвар өнгийн ноолуур гаргаж байна. Энэ ноолуурын ширхэг нь цагаан ноосны ноолуураас нарийн, өндөр үнэ хүрэх магадлалтай. Өндөр хөгжилтэй орнууд нийлэг материалыг бага хэрэглэдэг болсон тул малын ноос ноолуурын гадаад захиалга нэмэгдсээр байна.

Аватекс-кайнар ХХК иргэдийн захиалгын дагуу ноосыг нь самнах, угаах, эсгий хийж өгөх үйлчилгээг давхар хийж байна.

                                                                                                                                  Ш.Айзаря

Холбоотой мэдээ