НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-05 10:30:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлийн улирлын буцаан олголтыг хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх талаар татварын байгууллагаас мэдээллээ.

 

2022 оны IV улирлын буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа иргэд энэ оны нэгдүгээр сарын 8-ны 23.00 цаг хүртэл амжиж бүртгүүлэхийг мэдэгдлээ.

 

Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгож байгаа юм. Ингэхдээ I улирлынхыг оны 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгодог болсон. Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтоос доорх төрлийн татваруудыг төлөх боломжтойг татварын байгууллагаас мэдээлж байна. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Малын тоо, толгойн албан татвар тус тус орж байна.

Иргэд НӨАТ-ын IV улирлын урамшууллын буцаан олголтоороо албан татвараа шимтгэлгүй, зөрүүгүй, хурдан шуурхай төлөх боломжтой бөгөөд хүсэлтийг ebarimt системээр хүлээн авч байна.

Холбоотой мэдээ