ГОВЬ-АЛТАЙ: Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит танхимд 90 гаруй үзмэр дэлгэгджээ

ӨВ СОЁЛ
185@montsame.mn
2023-01-03 16:15:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн соёлын өвийг олон нийтэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус аймгийн Орон нутаг судлах музейтэй хамтран онцлог сонирхолтой үзмэр, эд өлгийн зүйлийг цувралаар танилцуулахаар боллоо.

Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музей нь 1947 онд анх кабинет нэртэйгээр байгуулагдаж байсан ба 1957 онд музейн барилга баригдаж сайд нарын зөвлөлөөр баруун таван аймагтаа анхны орон нутаг судлах музей болсон түүхтэй.  Одоогоор найман танхимд 2500 гаруй эд өлгийн зүйлийн 70 орчим хувь нь дэлгэгдэн олон нийтэд хүрч байгаа аж. Тэдгээрийн нэг бол Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын нэрэмжит танхим юм. 

Энэхүү танхимд Ч.Лодойдамба гуайтай холбогдолтой биет үзмэрүүд 20 гаруй, гэрэл зургийн дурсгал 20, баримт бичгийн дурсгал мөн адил 20 орчим, одон тэмдэг 10 нийт 90 гаруй үзмэр, эд өлгийн зүйл байна. Анх 1990-ээд оны үед түүний гэргий Монгол Улсын Ардын жүжичин Ч.Долгорсүрэн Ч.Лодойдамба агсаны хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт бэлэг дурсгал болгон өгч энэхүү танхимыг байгуулж байсан ажээ. Түүнээс хойш Ч.Лодойдамба агсны хүү Л.Галбадрах, охин Л.Насанбат нар аавынхаа туурвиж байсан зохиол бүтээл болох ном, CD зэргийг музейд бэлэглэн сан хөмрөгийг баяжуулсан байна. 

Төрийн хошой соёрхолт Ч.Лодойдамба агсны нэрэмжит танхимд түүний төгөлдөр хуур, үзгийн сав, бичгийн ширээ сандал, ширээний гэрэл, дипломат паспорт, Соёлын дэд сайдын үнэмлэх, Тунгалаг тамир романы гар бичмэлийн хэсэг, 1967 онд 10000 төгрөгөөр шагнуулж байсан баярын бичиг гэх мэт эд өлгийн үзмэрүүд дэлгэгдэн нийтийн хүртээл болж байна.


Холбоотой мэдээ