Макао, Хонконгоос БНСУ-д ирж буй зорчигчдоос "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариу шаардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-03 16:41:06

СӨҮЛ. /Yonhap/. Макао, Хонконгоос БНСУ-д ирж буй зорчигчдоос "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариу шаардах болсныг "Yonhap" агентлаг мэдээлэв.

БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн (KDCA) шийдвэрээр энэ бямба гаргаас Макао, Хонконгийн иргэд онгоцонд суухын өмнө короновирусний "PCR" шинжилгээ нь сөрөг гарсныг нотолсон гэрчилгээг үзүүлэх шаардлагатай болжээ.

БНСУ-ын эрх баригчид Хятадаас ирж буй хүмүүсээс "COVID-19"-ийн шинжилгээний сөрөг хариуг заавал үзүүлэх шаардлагыг даваа гаргаас тавьж эхэлжээ. Харин пүрэв гаргаас эхлэн Хятадын иргэд БНСУ-д ирэхээсээ өмнө 48 цагийн дотор "PCR" шинжилгээ хийлгэсэн байх, эсвэл 24 цагийн дотор эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээ өгсөн байх ёстой.

Омикроны шинэ дэд хувилбар тархах эрсдэлтэй байгаатай холбоотойгоор БНСУ-д урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлж эхэлжээ. Сүүлийн үед дэлхий даяар хурдацтай тархаж буй омикроны "XBB 1.5" хувилбартай холбоотой нөхцөл байдлыг Сөүл ажиглаж байна.

KDCA”-ийн мэдээлснээр омикроны "XBB 1.5" хувилбарын анхны тохиолдол тус улсад 12 дугаар сарын 8-нд илэрсэн бол одоогийн байдлаар нийт 13 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. 

Коронавирусний халдвар анх дэгдсэн Хятад улс 2020 оноос хойш хөл хорио тогтоох, халдвартай хүнтэй ойр харилцсан хүмүүсийг заавал тусгаарлах зэргээр арга хэмжээ авч, "ковидыг тэглэх" бодлого баримталж байв. Харин өнгөрсөн 12 дугаар сараас зарим хязгаарлалтыг цуцалсан нь өвчлөл, нас баралтын тоо огцом өсөхөд хүргэжээ. 

Хятадын эрх баригчид тус улсад зорчин ирэгсдийг заавал тусгаарлах журмаа нэгдүгээр сарын 8-наас цуцлахаар төлөвлөж байна. Хонконгийн засаг захиргаа мөн нэгдүгээр сарын 8-наас Хятадын засаг захиргааны тус онцгой бүс болон эх газрын хооронд зорчигчдыг хорио цээрийн ийм дэглэм оруулах журмаа цуцлахаар болжээ. 
Холбоотой мэдээ