Нийслэл хот орчимд цаг агаар тогтвортой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө болон 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, нутгийн зүүн хэсгийг хамарч хур тунадас багатай өндрийн хүйтэн фронт дайрч өнгөрчээ.
Үүний нөлөөгөөр даралтын орон 10 гПа-аар нэмэгдэж, агаарын температур өмнөх хоногоос Улаанбаатар хот орчимд 4-6 хэмээр, нутгийн зүүн хэсгээр 5-10 хэмээр хүйтэрч, салхи баруун хойноос 1-2,6 м/сек, инверсийн эрчим 8,8 dT/0С/, зузаан нь 360 метр болж нэмэгдсэн байна.
Ирэх 7 хоногт Улаанбаатар хот орчимд цаг агаар харьцангуй тогтвортой, хүйтний эрч бага зэрэг буурахаар байна. Тухайлбал, даваа гарагт өдөртөө -18 хэм, шөнөдөө -28 хэм хүйтэн байх бол мягмар гарагт -18, -26 хэм, лхагва гарагт -15, -26, пүрэв гарагт -13, -22, баасан гарагт -14, -22 хэм хүйтэн байх ажээ.