АНУ-д Хятадаас ирэх зорчигчдоос ковидын шинжилгээний хариу шаардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-12-29 11:37:35

ВАШИНГТОН. /AFP/. БНХАУ иргэдийнхээ гадаад аялалд тавьсан хоригийг нэгдүгээр сараас цуцалж байгаагаа зарласны дараа АНУ-ын эрх баригчид тус улсаас ирэх зорчигчдод нэвтрэх хязгаарлалт тогтоож байна. 


Тодруулбал, “нэгдүгээр сарын 5-наас эхлэн Хятадаас тус улсад нисэх онгоцоор ирж буй 2 ба түүнээс дээш насны бүх зорчигч Хятад, Хонконг, Макаогоос нисэхээсээ хоёроос илүүгүй хоногийн өмнө шинжилгээ өгч, агаарын тээврийн компаниудад шинжилгээний “сөрөг” хариуг үзүүлэх ёстой”. 


"Сүүлийн үед Хятадад “Covid-19”-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаа нь вирусний шинэ хувилбар гарах магадлалыг нэмэгдүүлж байна" гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.


Хятадын эх газраас ирэх зорчигчдод тавих хяналтыг чангатгах арга хэмжээг Япон, Малайз, Тайвань, Энэтхэг улсууд хэдийнээ авч эхлээд байгаа бөгөөд лхагва гарагт Итали улс эдгээр улстай нэгдэж, ирж буй зорчигчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд заавал хамруулах төлөвлөгөөгөө зарласан юм.


Миланы нисэх онгоцны буудал дээр ийм шалгалтуудыг хэдийнээ эхлүүлээд байгаа бөгөөд “la Repubblica” сонинд мэдээлснээр, энэ өдрүүдэд Хятадаас Мальпенса нисэх онгоцны буудалд газардсан нислэгүүдийн нэгийнх нь зорчигчдын 52 хувьд нь коронавирус илэрсэн байна.


Итали улс 2020 онд коронавирусний дэгдэлтэд хамгийн их өртсөн бөгөөд Хятадаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын гол голомтуудын нэг нь яг энэ нисэх онгоцны буудлын хажууд байв.


Холбоотой мэдээ