БАЯН-ӨЛГИЙ: "Алтайн оймс" үйлдвэр 30 мянга гаруй оймс экспортолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-23 14:25:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Алтайн оймс" компани 2014 оноос орон нутагт ноосон оймс үйлдвэрлэж байна.


Анх өрхийн үйлдвэрийн түвшинд ажиллаж эхэлсэн уг үйлдвэр 2016 онд өргөжиж, хуулийн этгээд болон үйл ажиллагаа явуулах болсон байна. Мөн БНСУ-ын Soosan брэндийн оймс нэхэх тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж үйлдвэртээ суурилуулжээ.


Эхний жилүүдэд БНХАУ-д ээрсэн бэлэн утсаар оймс нэхдэг байсан. Харин 2019 оноос Алтайн уулсад эрс тэс уур амьсгалд бэлчээрлэдэг хонины ноосыг ашиглан 100 хувь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Ингэхдээ Баян-Өлгий аймагт байрлах “Файнноос” компанийн самнасан дээд зэргийн хонины ноосыг Улаанбаатар хотод байрлах “Санширо” компанийн үйлдвэрт илгээж ээрмэл бэлтгүүлэн авдаг аж.


Одоо тухайн үйлдвэр 5 хүнийг ажлын байраар хангаж байна. Жилд 10 гаруй загварын том хүний 40 мянга, хүүхдийн 10 мянга орчим оймс нэхэж, дотоодын болон гадаадын цэгүүдээр худалдан борлуулж байна.


Компанийн удирдлагуудын хэлснээр энэ жил 30 мянган оймсыг ОХУ, Казахстан Улс руу экспортод гаргаад байгаа ажээ. 





Холбоотой мэдээ