ХОВД: Д.Цэрэндаваа “Хосмолжин” хөөмийн төрлийг үүсгэн бий болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-14 10:18:50

Ховд /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Ховд аймгийн Соёл, урлагийн газраас хөөмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил хийж байна.

Энэ удаа хөөмийн урлагийг хөгжүүлэх, сурталчлах, өвлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж яваа хөөмийч Д.Цэрэндавааг онцолж байна.

Хөөмийч Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн бөгөөд одоо ч нутагтаа амьдарч буйТэрбээр малчин ахуйгаа мэргэжлийн хөөмийтэй хослуулж яваа цөөхөн хөөмийчдийн нэг юм.


Анх зургаан настай байхдаа нутгийн ахмадуудыг дуурайн хөөмий оролдсоор сурсан бөгөөд 24 настайгаасаа эхлэн хөөмийгөөр мэргэшин ажиллаж иржээ. Тодруулбал, 1980-аад оноос хойш тэрбээр Франц, Их Британи, Герман, Португаль, АНУ, Япон, ОХУ, Хятад гээд олон улс оронд хөөмийн тоглолт хийсэн байна. Мөн Н.Сэнгэдорж, Н.Одсүрэн нарын хамтаар монголд  хөөмийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсан юм.


Д.Цэрэндаваагийн хөөмийн урлагийн хөгжилд оруулсан нэг том хувь нэмэр бол өөрийнх нь үүсгэн бий болгосон “Хосмолжин” хөөмий. Энэ нь уртын дууны үг, аяыг хөөмийлэн дуулах арга барил болно.  


Тэрбээр уруулын, тагнайн, багалзуурын, хамрын, цээжний хөндийн хөөмий, харгиа хөөмийнээс гадна хосмолжин хөөмий гэсэн долоон төрлийн аргаар хөөмийлэхийн зэрэгцээ товшуур, морин хуур, экэл хөгжим тоглодог.  


Бусад олон малчны адил тэрбээр ардын уламжлалт баяр ёслолд өргөн дуулагддаг уртын дуу бас дуулдаг. Д.Цэрэндаваа хөөмийн уламжлалаа өөрийн хүү Ц.Цогтгэрэл, Ц.Хаш-Эрдэнэ нарт өвлүүлсэн ба тэд хоёулаа хөөмийгөөр мэргэшин замнаж байна.

Мөн ойр дотныхон, нутгийн
хүүхэд багачууд болон хөөмийг сонирхсон дотоод, гадаадын хэн бүхэнд хөөмийлөх арга барилыг заан сургаж, өвлүүлсээр байна.

 

Холбоотой мэдээ