Монгол-Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2022-12-13 17:18:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яаманд Монгол-Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.


Уг бага хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Габит Койшибаев, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр нар оролцов.


Бага хурлыг Элчин сайд Габит Койшибаев нээж үг хэлэв. Тэрбээр энэ үеэр Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тилеубердигийн ирүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. Харин ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр үг хэлэхдээ хоёр улсын харилцааг цаашид улам эрчимжүүлэх бүрэн боломжтойг онцолсон юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр илтгэлдээ төрийн тэргүүний хувьд Казахстанд айлчлахдаа Ерөнхийлөгч асан Н.Назарбаев, одоогийн Казахстаны төрийн тэрүүн, тухай үед парламентын спикер байсан Ж.Токаевтай уулзаж байснаа дурсаж, цаашид Монгол  олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Казахстантай “хэвтээ” гадаад харилцааг хөгжүүлэх саналыг дэвшүүлэв. Харин УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар манай хоёр улс эсгий туургатан ард түмнүүд тул түүх, соёл, ахуйгаараа  холбогддог гэдгийг онцолж, "Бид нэгэн орон зай, нэгэн цаг үеийг хуваалцаж байгаа" гэв.


Бага хуралд илтгэл тавьсан судлаач О.Дөлгөөн Монгол, Казахстан хоёр улс бүх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг дурдаад, үүний нэг үндэс нь харилцан визгүй зорчих журам гэдгийг онцолсон юм.  

Холбоотой мэдээ