Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, албан ёсны сайтад байршуулна” гэж хэллээ.
Засгийн газар энэ оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд тус компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, өр төлбөрийг бууруулах, улмаар валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа аж. Цаашид тус “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах зорилгоор тус компанийн уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлан болон одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр ашгийг үнэлэх, дүгнэлт гаргах шаардлагатай байгаа юм.
Засгийн газрын өнгөрөгч баасан гарагийн ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. Эдгээр гэрээг тус компанийн албан ёсны сайтад байршуулаад буй юм.