Цөмийн зэвсгийн нөөцөө зузаатгаж, шинэчлэн сайжруулж байна гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2022-12-10 15:08:33

НЬЮ-ЙОРК. (Reuters). Орос, Хятад хоёр цөмийн зэвсгийн нөөцөө зузаатгаж, шинэчлэн сайжруулж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин баасан гарагт тус улсын зэвсэгт хүчний Стратегийн командлалын шинэ захирагч Энтони Коттоныг үүрэгт ажилд нь оруулах ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн тухай Ройтерс агентлаг мэдээлэв.


“Стратегийн өрсөлдөгч болох цөмийн зэвсэгтэй хоёр их гүрэнтэй нүүр тулах шинэ үе шатны босгон дээр хүрч АНУ ирээд байна. БНХАУ цөмийн зэвсгийн нөөцөө зузаатгаж, шинэчлэн сайжруулж, төрөлжүүлж байхад ОХУ ч ийм нөөцөө шинэчлэн сайжруулж, зузаатгаж байна” гэж Ллойд Остин тэмдэглэжээ.


Дурдсан хоёр улс цөмийн зэвсгийн нөөцөө хэрхэн шинэчлэн сайжруулж, зузаатгаж байгаа талаар нарийн ширийн зүйлийг хэлээгүй хэдий ч АНУ ч бас цөмийн зэвсгийн гурван төрлийн нөөцөө боловсронгуй болгож байгааг Остин онцолсон байна. Түүний хэлснээр, АНУ-ын зэвсэгт хүчний Стратегийн командлалын чиг үүрэг нь тус улсын цөмийн зэвсгийн нөөцийн хариуцлагатай хадгалагч байх явдал ажээ.

 

“Цөмийн зэвсэгтэй гүрнүүд нь өдөөн хатгасан үйлдүүдээс сэрэмжлэх, цөмийн зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийг бууруулах, түгшүүртэй байдлыг намжаах, цөмийн дайн гаргахгүй байх талаар суурь хариуцлага хүлээж байгаа билээ” гэж Пентагоны тэргүүн нэмж хэлсэн байна.

Холбоотой мэдээ