ДАРХАН-УУЛ: Шаардлагатай уран зургуудад сэргээн засварлалт хийх асуудлыг хөндөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-12 15:47:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Музей, үзэгч хоёрыг холбодог гол хүчин зүйл бол үзмэр юм. Соёлын өвийн өнгөрсөн үеийн түүхийн гэрч, баримт болсон үзмэрийг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж хойч үедээ өвлүүлэн үлдээх нь музейн ажилтнуудын үүрэг.

Энэ үүргийнхээ хүрээнд бүтээсэн “Дархан музейн урлагийн бүтээлүүд” номд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэм, МУСГЗ, Ардын зураач Л.Гаваа, МУСГЗ, Ардын зураач Г.Одон, Ардын зураач Б.Гомбосүрэн, МУСГЗ Б.Равсал, МУЭ-ийн зураач Ц.Жамсран, МУСГЗ нэрт сийлбэрч Л.Чуваамид, МУСГЗ уран хатгамалч А.Цэрэнхүү, Б.Норолхоо, уран барималчин Ү.Болд, Ц.Доржсүрэн, уран зураач Ц.Баатарцогт, уран зураач Ц.Болд, уран барималч Б.Буяндалай зэрэг Монголын нэрт 29 зураач, урчуудын намтар, тэдний бүтээсэн уран зураг, уран баримал, зээгт наамал, модон сийлбэр, хөөмөл зэрэг 62 урлагийн бүтээл багтаж бөгөөд зохиомжийн тайлбартай аж.


“Дархан музейн урлагийн бүтээлүүд” ном нь уран зураг, монгол зураг, зураасан зураг гэсэн гурван үндсэн агуулгатай ажээ.

Энэхүү номыг бүтээхэд Соёлын яам санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Харин ерөнхий редактороор урлаг судлаач, урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт O.Сосор, хянан тохиолдуулсан захирал, дэд профессор Д.Жамбалдорж, урлагийн бүтээлүүдийн судалгаа хийж хэвлэлд бэлтгэхэд М.Мөнхтуяа, уран баримлын тайлбар болон нэмэлт судалгааг эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг Музейн хамт олон ажиллажээ.

Мөн судалгааны ажилд МУСГЗ Ө.Рагчаасүрэн, номд орсон уран бүтээлчдийн үр хүүхдүүд, ах дүүс, Монголын Урчуудын эвлэлийн ахмад зураач Б.Гантулга, Дүрслэх урлагийн музей, Дарханы уран барималч Д.Намдаг, В.Энхболд, Дархан-Уул аймгийн Төв номын сангийн хамт олон дэмжлэг үзүүлсэн аж.

Номын нээлт энэ сарын 9-ний өдөр аймгийн музейд болсон юм. Уран зургийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, шаардлагатай уран зургуудад сэргээн засварлалт хийх зэрэг асуудлыг номын нээлтийн үеэр хөндсөн юм.  Цаашид аймаг, орон нутгийн зүгээс соёлын өвийн хадгалалт хамгаалалтад дахин дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж ном бүтээгчид онцолж байлаа. 

Холбоотой мэдээ