ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-09 08:03:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өнгөрсөн зун хур бороо бага орсны улмаас тус сумын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь гантай гэсэн тоон мэдээлэл гарсан.


Цогт-Овоо сум 3 багийн нийт 250 гаруй малчин өрхтэй, 157385 мянган тоо толгой малтай. Сумын хэмжээнд өвөлжилт хүндэрч малчдын 60 гаруй хувь нь отор нүүдлээр өвөлжиж байна. Тиймээс Цогт-Овоо сумын Засаг дарга Н.Наранзаяа, багийн Засаг дарга нар болон сумын Эрүүл мэндийн төвийн их эмч зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын баг 1000 гаруй км тойрч отрын малчдаа эргэлээ.


Малчдад орон нутгийн цаг үеийн мэдээллийг өгч, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг нь сонслоо. Малчдын нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь өвөлжөө бууц болон худаг усны хүрэлцээ муу байгаа зэрэг асуудлууд байлаа. Түүнчлэн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг малчдад хүргэж ажилласан бөгөөд малчдын оторлож буй аймаг, сумдын удирдлагуудтай уулзан, малчдаа дэмжиж ажиллахыг хүсчээ. 

Холбоотой мэдээ