Боломжит ажиллах хүч 7.3-23.7 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-08 13:11:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажиллах хүчний судалгааны энэ оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна.


Ажиллах хүчний 1.3 (94.6 хувь) сая нь ажиллагч бөгөөд ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 55.6 (4.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 26.6 (2.3 хувь) мянгаар нэмэгдэв.


Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны хүн амын 866.9 (40.8 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам. Тэдгээрийн 41.4 (4.8 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 41.4 (33.5 хувь) мянга нь боломжит ажиллах хүч, 68.1 (55.2 хувь) мянга нь ажилгүй хүн, 14 (11.3 хувь) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид юм.


Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеийнхээс 29.9 (19.5 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 25.9 (17.3%) мянган хүнээр багаслаа. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеийнхээс 22.8 (25.1 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 30.4 (30.8 хувь) мянгаар багассан байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеийнхээс 20-29 насны бүлэгт 11.4 мянгаар, 35-54 насны бүлэгт 12 мянгаар, өмнөх улирлынхаас 25-39 насны бүлэгт 16.9 мянгаар, 40-54 насны бүлэгт 14.3 мянгаар багасжээ. 


Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс 12.8 (23.7 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 3.2 (7.3 хувь) мянгаар багасав. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс 30-34 насны бүлэгт 7.6 мянгаар, 25-29 насны бүлэгт 5.6 мянгаар, өмнөх улирлынхаас 50-54 насны бүлэгт 4.5 мянгаар, 60-64 насны бүлэгт 2 мянгаар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 


Нийт ажиллагчийн 47.4 (4 хувь) мянга нь сүүлийн 7 хоногт ажиллаагүй ч буцаж хийхээр хүлээж буй /тогтмол хийдэг ажил/ цалин хөлс, орлого олох ажилтай ажиллагчид байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 15 (24 хувь) мянгаар багасаж, өмнөх улирлынхаас 12.7 (36.6 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Харин сүүлийн 7 хоногт ажиллаагүй ажилчдын 0.1 (0.3 хувь) мянга нь үүсээд буй цар тахалтай холбоотой шалтгаанаар ажиллаагүй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.3 (99.4 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 0.2 (66.7 хувь) мянгаар тус тус багаслаа. 


Ажиллагчдыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 31.5 (38.1 хувь), хөдөө аж ахуй, ойн аж ахуйн, загас барилт, ан агнуурын салбарт 14 (5 хувь) мянгаар нэмэгдэж, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын салбарт ажиллагч 10.5 (12.1 хувь) мянгаар, зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарынх 6.2 (16.7 хувь) мянгаар багаслаа. Харин өмнөх улирлынхтай харьцуулахад хөдөө аж ахуй, ойн аж ахуйн, загас барилт, ан агнуурын салбарт ажиллагчид 9.7 (3.4 хувь) мянгаар, барилгын салбарынх 5.5 (6.6 хувь) мянгаар нэмэгдэж, уул уурхай, олборлолтын салбарынх 6 (9.6 хувь) мянгаар багассан аж. 


Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд хөдөлмөр эрхлэлтийн статусын хувьд цалин хөлстэй түр ажиллагч (126.2 мянгаар), цалин хөлстэй тохиолдлын ажиллагч (30.5 мянгаар), зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн (10.1 мянгаар) нэмэгдсэн нь нөлөөөлжээ. 

Холбоотой мэдээ